2021.01.14

С.Бямбацогт: Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр ямар асуудлуудыг зохицуулах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа:

Энэ хуулиар ямар ямар харилцааг зохицуулах гэж байгаа юм бол? Төрийн банк, Хөгжлийн банкны асуудал гээд олон асуудлууд байгаа. Төр банктай байх шаардлагатай юу үгүй юу? Хувьчилах уу үгүй юу? Хөгжлийн банк хэр зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Бодлого зорилгодоо нийцүүлсэн үйл ажиллагаа явуулж чадаж байна уу үгүй юу? Эдгээр асуудал энэ хуулийн зохицуулалттай  яаж ирсэн бэ? Өргөн барихдаа яасан, одоо анхны хэлэлцүүлгээр юу болж байна вэ? 

Сонссон мэдээллээр бол нэг хувьцаа эзэмшигч нийт дүрмийн сангийн 20-иос илүүгүй хувь эзэмшилтэй гэсэн хууль өргөн баригдсан. Үүнтэй холбоод үзвэл хувийн хэвшлийн банкуудаас гадна Төрийн банк ч гэсэн энэ шалгуур шаардлагыг хангах шаардлагатай болох байх. Тэгвэл Төрийн банкны 80 хувийг хувьчлах асуудал яригдах эрх зүйн үндэслэл үүсэх байх гэж ойлгож байна. 

Мөн банкуудыг эзэмшлийг нь задалснаараа эдийн засагт бодитой ямар үр дүн гарах вэ? Ажлын хэсэг, байнгын хороо үүн дээр юу гэж үзэж байна вэ? Яах аргагүй зээл, хадгаламжийн хүү бууруулах, эдийн засагчдаа томруулах ингэхийн тулд хөрөнгө оруулалт, хувийн хэвшлээ дэмжих гээд олон асуудлууд байна. Эдгээр том тулгамдсан эдийн засгаа томруулах, баялаг бүтээгчдээ дэмжих бодлого нь арилжааний банкууд, Хөгжлийн банкаа яах вэ? Шийдэгдэж чадаж байна уу үгүй юу? 

Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хариуллаа.