УИХ-ын гишүүн Л.Болд
2017.10.18

Л.Болд: Тусгаар тогтнолын эсрэг дайралт цэрэг зэвсгээр орж ирдэггүй

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна.

ГХЯ-ын сайдад Д.Цогтбаатарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Тусгаар улсад байдаг хоёр л яамны нэг нь Гадаад яам. Монголын тусгаар тогтнолын эсрэг дайралт цэрэг зэвсгээр орж ирдэггүй юм билээ. Энэ дайралт Батлан хамгаалах, Гадаад яамны чадавхийг сулруулах байдлаар орж ирдэг. Бусад улс оронд гишүүдээ вакум орчинд хүмүүсээ бэлтгэдэг.

Энэ хоёр сайдад гишүүддээ стратегийн сургалтыг хийж, ойлголтыг нь өгөөч. Эдийн засгийн байдлаас нь хар гэх юм. Эдийн засаг бол гадаад харилцааны маш жижиг хэсэг. Энийг хийдэг газар нь тусдаа газар бий. ЭСЯ, Консулын газар бол олон улсын маш тодорхой ажлуудыг хийдэг. Бид өнөөдөр ямар зардлаар тусгаар тогтнолоо авч явж байгаагаа тооцоод үз. Нэг дипломат мянган цэрэгтэй дүйцнэ гэдэг үг байдаг юм. Үүнийг ойлгооч ээ.

Гадаад харилцаандаа нийтдээ 40-50-хан сая доллар зарцуулж байгаа. Бид нүдээ аниад энийг хоёр дахин нэмчих хэрэгтэй байгаа юм. Ингэснээр олон улсын тавцанд нэр хүнд нь өсдөг, эдийн засагт та бидний төсөөлөөгүй их боломжийг бий болгоно. Гэтэл энэ УИХ дэлхийд тэргүүлэх эгнээнд орж ирж байгаа улсуудтай харилцаагаа хаясан.

Маш чухал Консулын газруудаа татан буулгасан. Тэгээд хэмнэсэн мөнгө нь хагас сая доллар. Тэрийгээ Билэгт гишүүний яриад байгаа цэцэрлэгийн арван хүүхдэд өгчихсөн. Энэ бол маш том асуудал шүү. Хоёр дахь асуудал, та бид Элчин сайдыг томилдог. Аль ч улс оронд Элчин сайд улстөрийн болон мэргэжлийн томилгоотой хоёр төрлийн Элчин сайд байдаг. Зарим улс оронд мэргэжлийн хүн ажиллахаас өөр аргагүй. Америк, Канад, хоёр хөршид улстөрийн томилгоо байхаас өөр аргагүй. Ингэж байж ажлаа амжуулна. Үүнийг битгий буруу улстөржүүл.