2017.10.18

Б.Баттөмөр: Хичнээн ажлын байр нэмэгдүүлснээр нь Засгийн газрын гишүүдийг дүгнэх хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийллээ.

Б.БАТТӨМӨР: ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАДАГ ЯАМ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлт гараж, хэрэгжилтийг хангадаг яам зайлшгүй байх шаардлагатай. Түүнчлэн Худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байх шаарлагатай гэж үзэж байна. Ерөнхий сайд энэ Засгийн газарт 65 хүнээс нилээн сайн сонголтуудыг хийсэн гэж үзэж байна. Маш хүнд үед байгуулагдаж байна.

Хамгийн сүүлийн муу мэдээ гэхэд л бид 2012 онд Хөрөнгийн зах зээлийн жагсаалтанд байсан боловч одоо хасагдаж байгаа юм байна. Цаашдаа Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжих, эдийн засагт гэрэлтэй, гэгээтэй зүйл бий болоход саадтай зүйлс байна.

Утааны асуудал, түгжрэлийн асуудал, өвчлөлийн асуудал, өрийн асуудал гээд маш олон тулгамдсан асуудал шил шилээ дагаж байна.

Үүнээс зайлшгүй авч үзэх ёстой хэд хэдэн асуудлыг ярья гэж бодож байна. Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэх ёстой. Утааны асуудлыг шийдэхгүйгээр юу ч барьж байгуулах хэрэг байхгүй.

Ядуурлын бүх төрлийг устгана гээд хөгжлийн баримт бичигтээ тусгасан. Иймээс ажлын байр бий болгох тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Бүх сайд нарын ажлын үр дүнг ажлын байрыг хэдээр нэмэгдүүлснээр нь дүгнэдэг систем бий болгох шаадлагатай.

Өнөөдөр хамгийн аюултай зүйл бол монгол төгрөгний үнэгүйдлийн асуудал. Монгол төгрөг үнэгүйднэ гэдэг бол Монгол Улс үнэгүйдэж байна гэсэн үг. 1640 байсан доллар 2500 болж байна. Тэгэхээр монгол төгрөгний үнэгүйдлийг арилгах чиглэлд маш их зүйлийг хийх шаардлагатай.