Миний 30-аад жилийн хөдөлмөр, туршлага хууль тогтоох шатанд ажиллахад бүрэн боломжтой гэж үздэг
Монгол Улсад шийдлээ хүлээсэн ямар ямар хууль тогтоомж байна гэж боддог вэ?
Санхүү, эдийн засгийн чиглэлийн тэр дундаа үнэт цаасны зах зээлтэй холбоотой хуулиудыг улам боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх хууль тогтоомжийг батлах чиглэлд анхаарал хандуулах нь зүйтэй.
Миний бодлоор манай улсад шийдлээ хүлээж буй, хөгжүүлэх боломжтой салбар бол хөрөнгийн зах зээл гэж хардаг. Энэ салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал.
Өнөөдөр тулгамдаж буй асуудал бол төрийн тогтолцоог буруу байна гэж ярьдаг. Тийм бол төрийн тогтолцоог зөв болгох шаардлагатай.
Хуульч хүний хувьд, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хүний хувьд төрийн тогтолцооны хэсгийг улам боловсронгуй нь зүйтэй гэж боддог.
Таныг туршлагатай, сайн багш гэдгийг хүмүүс мэднэ. Харин хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, туршлага хэр хуримтлуулав?
Ажил, мэргэжлийн үед анхан шатнаас эхэлж ажилласан. Аймгийн хуулийн хэлтэст ахлах зөвлөх, хэлтсийн дарга, Хууль зүйн яам дэргэдэх “Хууль судлал, хөгжлийн төв”-д эрдэм шинжилгээний ажилтан, Удирдлагын академийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн дэд сайдын ажил алба хашиж явлаа. Анхнаасаа хуулийн салбараас хөндийрөөгүй явсаар өдийг хүрлээ.
Төр эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр нарийн мэргэшиж, суралцсаар ирсэн. Төрийн тогтолцоо ба түүнд хамаарах асуудлууд бол миний өөрийн судалгааны сэдэв, суурь мэргэжил.
Үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээлийг сонирхох болсон шалтгаан гэвэл дэд сайд байх үедээ энэ чиглэлээр гарч буй хуулиудын ажлын хэсгийг ахалж байсан.
Иргэний эрх зүй, бизнесийн эрх зүйгээс хөндий байсан ч эдгээр ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа улс орны эдийн засгийг босгоход чухал ач холбогдолтой хуулиуд гэдэгт бат итгэл үнэмшилтэй болсон. Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга, энэ чиглэлийн хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үздэг.
Улс төрд оръё гэсэн шийдвэр яагаад гаргав? Удвал гэдэг хүн яагаад Монголын төрд хэрэгтэй гэж?
Би хувьдаа төрийн өндөр дээд албан тушаал тэр дундаа УИХ-ын гишүүн, сайд болъё гэж анхнаасаа яваагүй, тийм бодол байсангүй. Хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд миний сурсан эрдэм хэрэгцээтэй байх гэж боддог.
Миний 30-аад жилийн хөдөлмөр бол хууль тогтоох чиглэлд ажиллахад бүрэн боломжтой гэж үздэг. Хуульч хүний хувьд Монгол Улсад сайн хууль батлагдан гараасай, тухайн хуулийн зохицуулалт нь улс орны хөгжил дэвшилд, монгол хүний хөгжил дэвшилд нөлөөтэй байгаасай гэж хүсдэг. Тиймээс өөрийн үзэл бодол, мэргэжлийн ур чадвар, туршлагаа төр улсдаа зориулах юмсан гэж боддог.
Эмэгтэйчүүд улс төрд хүч сорих ёстой. Тэд Монголын нийгэмд өөрчлөлт авчирч чадна гэж боддог.
Эмэгтэйчүүд улс төрд хүч сорих ёстой
Төрийн түшээ хүн хуулиа мэдэж, биелүүлдэг, ёс зүйтэй байх ёстой гэж та ярьдаг. Та өөрөө ийм байж чаддаг уу?
Би хуулийн дагуу ажиллахыг эрхэмлэдэг. Надад хууль зөрчих ямар ч үндэслэл байхгүй. Миний хуримтлуулсан мэдлэг, туршлага бол Монгол Улсын хуулийг зөрчих, гажуудуулах явдал байхгүй.
Улс төрчид таныг яаж хардаг бол?
Улс төрд олон жил ойр байсны хувьд намайг улс төрчид янз бүрээр л боддог байх. Улс төрчид намайг аливаад шударга байдлаар ханддаг, хийсэн ажил, хэлсэн үгэндээ үнэнч, улс төрийн итгэл үнэмшилдээ тууштай гэдгийг мэднэ байх гэж боддог.
Сонгогчдын сонголтод тухайн хүн ямар гэр бүлээс гаралтай гэдэг нь хүчтэй нөлөөтэй байдаг. Таны хувьд?
Би жирийн сэхээтэн гэр бүлээс гаралтай. Аав малчин. Архангайн Хөвсгөл суманд малын эмчээр ажиллаж байгаад Увс аймагт ирж ээжтэй танилцаж, гэр бүлээд тэндээ насыг элээсэн хүмүүс.
Аав минь төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч, аймгийн захиргааны хэлтсийн дарга, намын хороонд хэлтсийн дарга, мал эмнэлгийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Ээж минь хүнсний үйлдвэрт олон жил ажилласан жирийн ажилчин хүн. Уртын харайлт, гүйлт зэрэг спортоор хичээллэдэг спортлог хүн байсан.
Аав, ээж тань ямар хүмүүжил олгов? Тэд ямар үлгэр дууриалал үзүүлж байв?
Аав минь хүүхдүүдээ боловсролтой болгох гэж их хичээсэн. Би гэрээсээ 6-уулаа.
Айлын том охин учраас хэнээс ч хараат бус, бие дааж амьдрах ухаанд багаасаа суралцсан.
Манай аав бидэнд дэлхийн ертөнцийг таниулах үүднээс ШУ-ны олон төрлийн танин мэдэхүйн ном, сэтгүүл авч өгч, уншуулдаг байсан. Аав, ээж хоёр минь надад үзэл бодлоосоо няцахгүй, хэлье гэснээ хэлдэг, хийе гэснээ хийдэг бие даасан байдалд сургасан гэж хэлнэ дээ.
Айлын том хүүхэд гэхээр удирдан чиглүүлэх, гэр бүлд тулгарсан асуудлыг аав, ээжтэйгээ хамтран шийдвэрлэх гээд асуудал их байсан байх?
Айлын том байна гэдэг олон давуу талтай. Удирдан зохион байгуулах, зохицуулах чадварт сургадаг гэж боддог. Багаасаа нийгмийн идэвхтэй байж, зэрэг, зэрэг олон ажил амжуулдаг байлаа. Дүү нараа авч явах, хичээл сургуульдаа явах, бие дааж өөрийгөө хөгжүүлэх гэх зэргээр үүрэг хариуцлага ихтэй, мэрийтгий охин байж.
Одоо ч гэсэн ТББ, улс төрийн нам, эмэгтэйчүүдийн байгууллагын шугамаар тодорхой төсөл хөтөлбөрүүдэд гардаж болон зөвлөх байдлаар ажиллаж байна.
Улс төрч бол тодорхой имижтэй байх ёстой гэдэг. Таны имиж?
Би Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 2005 он хүртэл ажилласан. Үүнээс хойш улс төрийн карьераа эрчимжүүлж, улс төрд шинэ хүн биш болсон.
Хувь улс төрчийн хувьд ШУ-ны мэдлэг, мэдээллиг бодит амьдралтай холбож чаддаг, чадвартай гэж өөрийгөө үнэлдэг.
Хэвлэл мэдээллийнхэн намайг амбицгүй атлаа улс төрд хөл алдахгүй байж, өөрийн үзэл бодлоо чөлөөлтэй илэрхийлж чаддаг гэж үздэг. Энэ л миний өнгөрсөн хугацаанд бүрдүүлсэн улс төрийн имиж юм ууд аа.
Цаашид Монголын улс төрд илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж чадах болов уу?
Намын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг нам дотор нилээн өндөр албан тушаал хашиж байсан учраас нам дотроо танигдсан. Хууль зүйн салбарт олон сургуульд, олон жил багшиллаа. Эрх зүйн шинэчлэлийн асуудлыг түүчээлж, олон салбарын эрх зүйн зохицуулалт, цаашдын хөгжлийн асуудалд оролцож явсан хүний нэг.
Сүүлийн 30 жилд эмэгтэйчүүдийн төлөө улс төрийн тэмцэл өрнүүлж эхэлсэн. АН, ИЗНН зэрэг олон намын байгууллагын эмэгтэйчүүдтэй хамтран ажилласан. Өнгөрсөн гурван жилд ТББ-ын хэмжээнд энэ орон зайгаа алдалгүй ажиллаж байна.
Бүгд дэмжиж, хамтарч ажиллаж байна. Энэ бол улс төрд өөрийн байр сууриа олсны илэрхийлэл байх.
Сайхан байшинд амьдрах бол миний мөрөөдөл биш
Улс төрийг мөнгөгүй хүн хийдэггүй гэж ярих нь бий. Та санхүүгийн хувьд хэр бие даасан бэ?
Насаараа төрийн алба эрхэлсэн хүний гол асуудал энэ байдаг. Авдаг цалин тоотой, хуулиар өөр зүйл авч болохгүй. Түүндээ захирагдаж ажиллаж ирсэн. Сүүлийн гурван жилд олон улсын байгууллагын шинжээч, зөвлөхийн түвшинд төрд авч үзээгүй цалингаа авч ажиллалаа. Нөгөө талаас хүнд мөнгөөр хэмжигдэхгүй оюун ухаан, хүний мөн чанар гэж бий. Заавал мөнгө гэдгээр асуудлыг харж болохгүй.
Мөнгө бол хамгийн чухал үзүүлэлт биш.
Хүний сурсан эрдэм, эх орноо гэсэн сэтгэл, туршлагыг харах хэрэгтэй. Мэдээж сонгуульд оролцоход мөнгө хэрэгтэй. Улс төрд орох гэж хүн буй огт мөнгөгүй байж болно гэж хэлэхгүй. Ер нь бол улс төрийн боловсрол, сэтгэл санаа, санхүүгийн хувьд бэлтгэгдсэн байх ёстой гэж боддог.
Гэр бүлээ танилцуулаач?
Миний хань хуулийн салбар тэр дундаа прокурорт 36 жил ажилласан. Аймагт прокурорын туслах, аймгийн прокурор, Сүхбаатар аймагт орлогч прокурор, Увс аймгийн прокурор, дүүрэгт ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын газар, Улсын Ерөнхий прокурорт ажилласаар ирсэн.
Хоёр хүүхэдтэй. Нэг нь хуульч, нэг нь архитектор. Хуульч гэдэг бол төрийн архитектор. Архитектор бол нийгэмд сайн сайхныг бүтээдэг. Энэ ч утгаараа үр хүүхдүүд минь нийгэмд хэрэгцээтэй сайхан мэргэжил эзэшиж, чадварлаг боловсон хүчин болсон.
Гэр бүлийнхэн таны улс төрд орох шийдвэрийг хэрхэн хүлээж авав?
2008 оноос би өөрийгөө улс төрд зориулж, тууштай бэлдэж эхэлсэн. Төрийн үйл ажиллагаа зөв явах, хууль хэрэгждэг байхад нөлөө үзүүлэх ёстой гэдэг утгаар хүчин зүтгээд л байна.
Төрийн албанд хийвэл зохилтой бүхий л ажил хийсэн гэж үздэг.
Хуулийн салбартаа дээгүүрт тооцогдох салбарын дэд сайдын албыг хүртэл хашиж явлаа. Энэ салбартаа өөрийн нэрийг үлдээсэн хүн гэж боддог.
Өөрийгөө яаж бэлдэж,хөгжүүлж байна?
Хувь хүний хөгжил бол улс орны хөгжлийн суурь. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэхийн тулд улс орны хөгжлийн оролцогч болохгүйгээр явах үндэсгүй.
Би өдөрт 4 цаг унтахад хангалттай гэж үзэн энэ зарчмаар цагаа зохицуулдаг. Улс орноо хөгжүүлэх чиглэлд санаа тавьж, олон талын мэдээлэл цуглуулж, боловсруулт хийж суудаг.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, салбарын дэд сайд байлаа гэж хэд хэдэн дурдлаа. Эдгээр албан тушаал хашиж байхдаа хийсэн гол гол ажил гэвэл?
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр маш өндөр буюу 80 гаруй хувиар дэмжигдэж, сонгогдож байлаа. 1999 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхэд их суудлын хуралдааны илтгэгч гишүүнээр оролцсон.
2008-2012 онд Хууль зүйн дэд сайд байх үедээ олон ажил эхэлсэн. 20-иод хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан. Хууль зүй, дотоод хэргийн асуудал гэдэг бол маш хүнд, нууцын зэрэглэлтэй асуудал. Тиймээс тэр болгон тийм тийм зүйл хийсэн гэж яриад байж болдоггүй.
Тухайн үед ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, яамныхаа 70 гаруй ажилтны 2/3-ийг орон сууцтай болгож, шинэ эмнэлэг бариулсан.
Төрийн албан хаагчид тэр дундаа цагдаагийнхан хүнд нөхцөлд ажилладаг гэдэг утгаараа тэдэнд зориулсан эмнэлэг байх шаардлагатай гэж үзсэн. Намайг ажиллаж байхад Азидаа хоёрхонд орох архивын барилга барьж эхэлсэн.
Олон салбарын шинэ хуулиуд батлагдсан. Шүүх дээр нотлох баримт болох олон зүйлийг тодруулах үүднээс шинэ хууль боловсруулж, Шүүх шинжилгээний хүрээлэнг байгуулсан. Ингэснээр ДНК-ийн шинжилгээ хийдэг болж, 60 хувийн магадлалтай байсан шинжилгээний хариуг 99 хувийн таамаглалтай болтол баталгаажуулсанаар гэмт хэргийг илрүүлэлт хэдэн алхмаар ахисан. Маш нууцын зэрэглэлтэй ажлууд хийж байсан учраас бүгдийг дурдах боломжгүй.
Удвал гэдэг хувь хүн өөрөө ямар зорилго, мөрөөдөлтэй вэ?
Сайхан байшинд амьдрах бол миний мөрөөдөл биш. Миний алсын хараа бол ядарч буй хүмүүст туслах, иргэдийг сайхан амьдрахад хэрэгцээтэй хууль тогтоомж гаргах юмсан гэж хүсэж мөрөөдөж, зорьдог.
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Үр дүнд хүрсэн эмэгтэйчүүдийн амьдралыг судалдаг. Ном уншдаг. Бичмэл ном, сонин, сэтгүүл унших дуртай. Дэлхийд нэрд гарсан 20-иод эмэгтэйн намтар ном надад англи, монгол, орос хэлнээ байна. Монгол төрийн төлөө амьдралаа зориулсан их хатдын түүх үүхийг судалдаг.
Та өөрөө ном бичиж байв уу?
Удирдлагын академид багшилж байхдаа багш, оюутнуудад гарын авлага болохуйц хэд хэдэн ном бичсэн. Дэд сайд байх үедээ яамны100 жилийн ойдоо зориулж түүхэн хоёр боть бичиж, үлдээсэн. Улс төр хүнийг цаг, наргүй ажиллуулдаг юм байна. Гэхдээ цаашид эрдмийн ажлаа орхилгүй, ном бичнэ гэсэн бодолтой байдаг.