Дэвшилтэт улс төрийн намуудыг Монголд урихыг санал болголоо
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд
2016.01.20

Дэвшилтэт улс төрийн намуудыг Монголд урихыг санал болголоо

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Фридрих Эбертийн сангийн Монгол дахь шинэ суурин төлөөлөгч, Нийгмийн ардчиллын академийн захирал, доктор Кристиан Креллийг хүлээн авч уулзлаа. МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Манай нам ХБНГУ-ын Социал Демократ намтай байнгын харилцаа холбоотой хамтран ажиллаж ирсэн.

Хоёр намын хамтын ажиллагаанд Фридрих Эбертийн Сан /ФЭС/ чухал үүрэг гүйцэтгэдэг. ФЭС намын архивыг шинэчлэх, намын дэргэдэх сургалт, судалгааны “Стратеги” академитай хамтран сургалт, семинар, дугуй ширээний ярилцлага, уламжлалт “Зуны Академи” сургалтыг зохион байгуулах, эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэндээ талархалтай байна. 2016 онд харилцаагаа улам бататган хэвлэл мэдээлэл, нийгмийн ардчилалын чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” гэв.

Суурин төлөөлөгч Кристиан Крелл хэлэхдээ “ФЭС нь 1991 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. ФЭС нь улс төрийн боловсрол олгох, ҮЭ-ийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжих, эдгээр салбарын боловсон хүчнийг сургах, бэлтгэх, хуулийн төсөл дээр хамтран ажиллах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Танай намтай тогтмол харилцаатай хамтран ажилладаг явдалдаа талархалтай байдаг гээд хоёр орны эдийн засаг нийгмийн байдлын асуудлаар санал солилцлоо. Герман улсын хувьд цалин хөлс нэмэгдсэн.

Төсөв нэмэхтэй гарсан. Германы иргэд санхүүгийн хямралд орохгүй юм байна гэдэг итгэлийг Засгийн газраасаа олж авч чадсан” гэв. Мөн тэрбээр чухал урилгатай ирснээ дуулгав. 2016 оны есдүгээр сард Монгол Улсад дэвшилтэт улс төрийн намуудын олон улсын хурлыг зохион байгуулах санал тавилаа. Уг хурал Монгол Улсад зохион байгуулагдвал Азийн Социал Демократ намын холбоо, Евро парламент, Евро парламентийн Социал Демократ намын бүлэг,  зэрэг томоохон байгууллага, дэвшилтэт улс төрийн намууд оролцох юм.