![УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн шүүх, хуулийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/13/b251ac6be812103bdc6f944f28421a71.jpeg)
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн шүүх, хуулийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэндээ ээлтэй, эрхийг нь хангасан байхад чиглүүлэх зорилгоор эрх зүйн цогц шинэчлэл эхлүүлснийг тодотгов. Энэ хүрээнд хуулийн хэрэглээг гажуудуулж буй журмуудыг цөөлж, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг арилгаж, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх энэ цагийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх нь чухал гэлээ. Түүнчлэн УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна гэж мэдэгдэв.
Уулзалтын үеэр шүүхээр хэрэг, маргааныг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм. Алба хаагчдын зүгээс шүүх эрх мэдлийн системийн өөрчлөлтийг боловсон хүчний нөөцөөс нь эхлээд цогцоор нь авч үзэх шаардлагатайг хэлж байв.
Увс аймагт гурван шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүн дутуу ажиллаж байгаагийн улмаас шүүгчийн ачаалал ихсэх, хэрэг маргаанаа түргэн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байгааг дурдаж байлаа.