Цэц эцэг хуулийг ард түмэнд таниулж чадаагүй
“Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасан
2016.01.14

Цэц эцэг хуулийг ард түмэнд таниулж чадаагүй

“Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасангаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 -Үндсэн хуулийн цэцийн гишүүний насны хязгаарыг 65 байх хуулийн төсөл санаачлан  УИХ хэлэлцэж байна. Энэ хууль батлагдвал цөөнгүй гишүүд тэтгэвэртээ гарна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 -Манайд төрийн алба хааж байвал давуу эрх эдэлдэг, энгийн иргэд арай дор үзэгддэг. Прокурор байвал арай өөр, Цэцийн гишүүн байвал хууль бүр өөр үйлчилдэг тогтолцоо байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэхгүй байгаагийн тод илрэл энэ. УИХ-ын баталсан хуульд ийм ялгаварлан гадуурхах үзэл байдаг. Хууль тэгш үйлчилдэг болъё гэвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдөө үлгэрлээд тэтгэвэртээ гарахыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цэц Үндсэн хуулиа нийгэмд хүргэж чадахгүй байж тогтолцоогоо өөрчлөх ёстой. Цэц тунгалаг байж Үндсэн хууль яс мөрдөгдөнө. Улстөрчид цэцээс айдаг болно. Гэтэл Цэц өөрөө нэг намаас айдаг, үгийг нь дагаж шийдвэр гаргадаг болчихсон.

 -Өнөөдөр Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн үү?

 -Шинэ Үндсэн хууль батлагдсанаараа эрх зүйт төртэй болж, хүн бүр хуулийн дор тэгш эрх эдлэх боломж бүрдсэн. Хуулиа дагаж мөрдвөл нам эсвэл хэн нэгэн даргыг дагах шаардлагагүй гэдгийг тогтоосон. Гэтэл хүн бүр Үндсэн хуулиа мэдэхгүй байгаа нь харамсалтай. Дархан-Уул аймагт өрх бүр Үндсэн хуультай болооч гэж хөдөлгөөн өрнүүлэхэд дөрөвхөн айл Үндсэн хуультай байна. Тэгэхээр Үндсэн хууль ард түмний өмч болж чадсангүй. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн хугацаанд эцэг хуулиа ард түмэндээ таниулж, мэдүүлж чадсангүй. Хүн мэдэхгүй хуулиа яаж мөрдөж, дагах билээ.

Хоёрдугаарт, Үндсэн хуулиараа хүн бүр өмчтэй, эрх чөлөөтэй, үүрэг хүлээсэн байхыг хуульчилсан. Гэтэл тэр хуулиа хамгаалах ёстой Үндсэн хуулийн цэц ард түмний амжиргааны баталгаа болсон үл хөдлөх хөрөнгө руу халдах, өмчтэй болохыг нь хориглох шийдвэр гаргачихсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хууль ард түмнээ яаж хамгаалж байх ёстой байтал “lexus-570” автомашинаар асуудлыг шийдэж байна. Бүр намын шахалтаар шийдвэр гаргаж Үндсэн хуулиас огт өөр хөндлөнгийн шалтгаанаар шийдвэр гаргаж байна. Ингэхээр Үндсэн хууль нурахаас яах юм бэ. Бид Үндсэн хуулиа Цэцээр мануулчихдаг. Гэтэл манаач нь өөрсдөө Үндсэн хуулиа “хулгайлаад“ байхаар улстөрчид Үндсэн хуульдаа нийцэхгүй хууль баталж, иргэд мөрдөхгүй байна.