УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл “Гүнж” төвийн төлөөлөлтэй уулзлаа.
2013.05.30

УИХ-ын эмэгтэй гишүүд “Гүнж” төвийн төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо.

“Гүнж” төв нь 2003 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн тус байгууллага юм. Тус төв нь өсвөр насны охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, өвсөр үеийнхнийг болзошгүй бэрхшээлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг байна.

УИХ-ын эмэгтэй гишүүд “Гүнж” төвийн төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын эмэгтэй гишүүд нийтээрээ энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаад нь тэдэнд талархал илэрхийлсэн. Мөн Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Хүний эрхийг хамгаалах тухай хуулиудыг сайжруулах, шинэчлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Эдгээр хуулиудад залуу ээжүүдэд зориулсан, тэдний эрхийг хамгаалсан  зүйл, заалтыг оруулахад ч анхаарна гэдгээ хэллээ. Мөн залуугаараа ээж болсон охид бүсгүйчүүд өөрсдийн боловсролоо, амьдралаа төлөвлөх хэрэгтэйг захив.

Залуу ээжүүдийн хувьд хүүхдээ харуулах хүнгүй, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй тухайгаа ярьж байлаа. Мөн гадуурхагдах явдал цөөнгүй байдаг, ээж гэдгээсээ ичдэг залуу охидууд  байдаг тухай  ч ярьж байв. Тэд дараагийнхаа үеийн залуу охидыг амьдралдаа алдахгүй байх, өөрсдийн алдсан алдааг нь  давтахгүй байлгахын тулд энэхүү төвийг  байгуулан ажиллаж байгаагаа дуулгасан юм.

УИХ-ын эмэгтэй гишүүд тэднийг дэмжин ажиллахаа мэдэгдээд энэхүү төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг улам өргөжүүлж ажиллахыг хүслээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.