Намын жагсаалтад эмэгтэйчүүдийн оролцоог хуульчилж өгье
Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга, МУ-ын засгийн газар, жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга, Эмэгтэй удирдагч сан Тэргүүн, Докторант М.Болормаа
2014.12.26

Намын жагсаалтад эмэгтэйчүүдийн оролцоог хуульчилж өгье

Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга, МУ-ын засгийн газар, жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга, Эмэгтэй удирдагч сан Тэргүүн, Докторант М.Болормаатай сонгуулийн хуулийн шинэчлэл болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар ярилцлаа. 

-Улс төрийн санхүүжилт, сонгуулийн санхүүжилт нь мөнгөтэй хүмүүс уралдах нөхцлийг бүрдүүлж байгаа учраас хуулиа өөрчилье гэж ярих боллоо. Хуулийн шинэчлэлд юуг анхаарах ёстой вэ, Жендэрийн үндэсний хорооны зүгээс ямар байр суурьтай байна вэ?

Энэ асуудлаар олон  жилийн хугацаанд яригдаж байгаа зүйлүүд их бий. Өнгөрсөн сонгуулиудаас бид олон алдаа оноог харж байна. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцооны талаар нийгэм олон янзын ойлголт, хандлагатай байдаг. Нэг хэсэг нь дарга болох эмэгтэйчүүд гэж үздэг зарим хэсэг нь зүгээр л гэртээ хүүхдээ хараад хүмүүжүүлээд байх ёстой мэт уламжлалт ойлголттой байсаар байна. Гэтэл хүн гэдэг амьтан эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсээр ялгаатай төрдөг. Харин хууль бол амьдралаас үүдэж нийгэм,  амьдралын хэм хэмжээг зохицуулдаг.

Бидний боловсруулж, хэрэгжүүлж буй хууль, бодлого, хөтөлбөр нь хүмүүсийг сайхан амьдрах боломж, нөхцлийг нь бүрдүүлж, тэдний төлөө үйлчлэх ёстой. Иймээс иргэдийн оролцоо ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоог хангаж тэдний санал бодлыг сонсож хүмүүсийн онцлог хэрэгцээ шаардлагыг тусгасан байх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлага бол эрэгтэйчүүдийнхээ ялгаатай. Тиймээс нийт хүн амын тодорхой төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн санаа бодол, хэрэгцээг тусгасан санал өнөөдөр дутагдалтай байсаар байна.  Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэж ярьвал хүйс дотроо ч охид, хөвгүүд, залуучууд, ахмад үе гээд бас өөр өөрийн онцлог хэрэгцээ байдгийг бид мартаж болохгүй.

Эмэгтэйчүүдийн оролцоог явцуу хүрээнд ойлгож болохгүй. Зарим хэсэг нь эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүнд сонгогдож томилогдсоноор хүрээнд ойлгож байна. Гэтэл эмэгтэйчүүдийн улс тарийн оролцоо нь бүхий л түвгшинд сонгогднэ, томилогдон ажиллаж байгаагаар баталгааждаг.

Өнөөдөр бид зөвхөн тоо, хувий талаар ярьдаг жишээ нь 50х50 байх ёстой харьцаа бол жинхэнэ утгаараа тэнцвэртэй байдлыг хангаж байгаа, гэтэл жендэрийн тэгш байдлыг хангаж чадаж байна уу гэдэг нь агуулгын асуудал болдог.

-Өнөөдөр бид нар эмэгтэй эрэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байна гээд үндсэн хуулиндаа заасан байгаа бодвол бүгд яг тэгш эрхээ эдэлж чадаж байна уу, тэгш боломжийг олгож чадаж байна уу?

Хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл өнөөдөр шийдвэр гаргах түвшинд улс төрийн тэгш гараа боломжууд байна уу гэхээр хүндрэлтэй байдаг. Эмэгтэйчүүд бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд зайлшгүй оролцох ёстой гэтэл  боломж нь хязгаарлагдмал байна. Иймээс тэгш эрх боломж, байдлыг хангахын тулд бид квотыг ярьж байна.

Энэ бол олон улсын эрх зүйн баримт бичигт зааснаар түр тусгай арга хэмжээний нэг юм. УИХ-ын  2012 оны Сонгуулийн хуулинд улс төрийн намаас нэр дэвшигчдийн 20 хувь эмэгтэй нэр дэвшигч байхаар заасан. Одоо бид нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буй Сонгуулийн нэгдсэн хуулинд дээрх квотыг  30 хувь  болгох саналыг хүргүүлсэн байгаа.

2012 оны сонгуулийн үр дүнд УИХ-д сонгогдсон гишүүднд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэн нь  олон эмэгтэйчүүдийн  ТББ, иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн тэмцэл, үйл ажиллагааны үр дүн мөн  Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хөнжлийн хөтөлбөр болон бусад олон улсын донор байгууллагуудын хамтын ажиллагаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчидтэй  хамтран  ажилласны үр дүн.

Гэхдээ зорьсан зорилтондоо хүрч чадаагүй. 2012 оны сонгуулийн үр дүнгээс харахад бид улс төрийн намын жагсаалтад эмэгтэй нэр дэвшигчдийг хэрхэн байршуулахыг оруулж шийдээгүй байсан нь нэг алдаа болсон.

Тиймээс Жендэрийн үндэсний хорооноос улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дунд хоёр удаагийн  хэлэлцүүлэг зохион байгуулж тэднээс гарсан намын жагсаалтад нэр дэвшигчдийг гурав нэг гэсэн байдлаар аль нэг хүйсийг эрэмбэлэх саналыг  хуулийн ажлын хэсэг мөн хүргүүлсэн. Эмэгтэйчүүдийг  улс төрд ороход хамгийн том саад болдог хүчин зүйлийн нэг бол  санхүүжилтын асуудал байдаг.

Иймээс сонгуулийн сурталчилгааны өдрийг багасгах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зохицуулалтыг сонгуулийн үед илүү уян хатан болгох, намын босго санхүүжилтийг багсгах, намын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод нээлттэй болгох зэрэг одоо яригдаж буй саналуудыг дэмжих зэргэцээ улс төрийн намуудын тухай хуулинд бас саналаа хүргүүлсэн.

-Эмэгтэйчүүд ямар санал гаргасан бэ?

Эмэгтэй нэр дэвшигчийн  квотыг 30 хувь болгох, хоёрдугаарт  намын жагсаалтад  гурав нэг гэж эрэмбэлэх, намын дүрмэнд намын байгууллагын удирдах бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах болон намаас сонгогдох, томилогдох албан тушаалд эмэгтэйчүүдийг дэмжих квотыг   оруулахыг сана болгосон.

Гуравдугаарт  санхүүжилтын асуудал багтсан. Улс төрийн намууд санхүүжилтээ ил тод тайлагнадаг болгох шаардлагыг тусгасан.

Дөрөвдүгээрт сонгуулийн үеэр сурталчилгааны зардлыг хязгаарлах  саналыг тусгасан. Сонгуулийн үеэр асар их мөнгө цацаж, өөрийгөө хүндрүүлж байдаг. Би өмнө нь олон сонгуульд ажиллаж байсан мөн судлаачийн хувиар бодохдоо  нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны  үеэр асар их мөнгө цацаж үр дүнгүй ажиллаж, сонгогчдын саналыг худалдаж ёс зүйгүй ажиллаж байснаас улс төрд  орж нэр дэвшихээ мэдэж төлөвлөсөн л бол сонгуулиас өмнөх дөрвөн жилдээ өөрийнхөө багийг бүрдүүлээд хийж буй ажлаараа олонд танигдаж болно. Улс төрчдийн нэг алдаа нь хэзээ ч мэргэжлийн баг бүрдүүлж, системтэй ажиллаж чаддаггүй.

Тэгэхээр мэргэжлийн улс төрч болохын тулд эхлээд мэргэжлийн багаа бүрдүүл. Тэр нь сонгууль болоод ялсан ч ялаагүй ч  байнгын тасралтгүй  үйл ажиллагаагаа явуулж дараагийн сонгуулийн амжилтыг авчирдаг.

-Эмэгтэй улс төрчдийн хувьд энэ байдал хэр байдаг вэ?

Эмэгтэй улс төрчдийн хувьд улс төрийн гараа тэгш бус байна. Энэ нь мөнгөгүй эрэгтэй улс төрчдөд ч хамаатай. Тиймээс систем тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ та бизнесийн хүн бол улс төрд орох хэрэггүй. Энэ нь хатуу юм шиг сонсогдовч энэ бол улс төр цэвэр байх, улс төрийн соёл мөн бизнес улс төр хоёр ангид байх ёстой гэсэн зарчим.

Яагаад өнөөдөр улс төрийг хүмүүс бохир заваан зүйл, шударга бус гэж ойлгох болсон нь  бизнесийн хүмүүс, мөнгөний нөлөө ихээр орсонтой холбоотой. Ийм байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Улс орныхоо төлөө оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулах гэж байгаа бол бизнесээсээ татгалзах ёстой. Үүнийг хуулиар хатуу зохицуулах ёстой.

Улс төр гэдэг хэн нэгэн хүн дураар авирладаг газар биш.

-Сонгуулийн хуулиар бизнесийнхэн намаар дамжиж улс төрд орж, хүссэн зүйлээ хийж байгаа гэж зарим судлаачид хэлж байсан. Намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт, хандивыг хэрхэн зохицуулах ёстой юм бол оо?

Улс төрийн намын тухай хуулинд тодорхой зааж өгөх ёстой. Улс төрийн намын тухай хуулиар одоохондоо зөвхөн нам байгуулах тухай, байгууллагын институцийг бий болгох талаар заадаг учраас энэ хуулиа ч гэсэн агуулгын шинэчлэлийг бий болгоосой гэж иргэн хүний хувиас хүсдэг.

Нам дотоод  санхүүгийн боломж, бололцоо, нөөцийг судалж тодорхойлох ёстой. Түүнийхээ үндсэн дээр гишүүдийн хандив, татварыг тодорхой болгох,  хувь хүн намын үзэл бодлыг дэмжээд хандив өгмөөр байгаа бол үгүйсгэж болохгүй ч мөнгөний хэмжээг тогтоож өгөх ёстой. Гэхдээ хандив өгснөөрөө ямар нэгэн хувийн эрх ашгийг тусгасан бодлого шийдвэр гаргуулахгүй гэдгийг хуулинд бас давхар суулгаж өгөх ёстой.

Харин аж ахуй нэгж байгууллагуудад хандивын тоог хязгаарлаж өгөх ёстой. Тэгэхгүй бол  өндөр төвшний авлига болох талтай учраас хууль санаачлагчид олон талаас нь бодоосой гэж хүсч байна.

-Санхүүжилтыг нээлттэй ил тод мэдээлнэ гэж байгаа ч намууд, нэр дэвшигчид хариуцлагагүй хандаж, ач холбогдол өгдөггүй гэдгийг олон нийт хэлж байсан. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Ил тод мэдээлэх нь хариуцлагын чухал асуудал. Үнэхээр тоо тавиад өнгөрч байна уу, үнэн зөв байна уу гэдэг нь асуудалтай. Сар бүр мэдээлж байх, эсвэл кампанит ажлын өмнө хандив цуглуулаад сурталчилгаа эхлэх үед хандивын эх сурвалжаа мэдээлэх  ёстой гэж бодож байна.

Улс төрчийн ёс зүйг улс төрийн намын тухай болон улс төрийн намын санхүүжилтийн хуульд зааж өгөх  хэрэгцээ шаардлага байгааш хүмүүс бүгд л ярьж байна. Зөвхөн тунхаглах биш, хэрхэн ил тод болгохыг хууль,журмаар зохицуулж хэрэгжүүлэх  цаг нь болсон.

Манайхан ерөнхий заалтаас татгалзаж асуудал гүн рүү орж нарийвчлан хүлээх үүрэг тооцох хариуцлагыг нь хамтад оруулах  ёстой. Хариуцлага тооцох механизм бүрдээгүй учраас л сул, хайрхамжгүй, ёс зүйгүй, хэнэггүй байдаг. Хувь хүний ёс зүй, хариуцлагатай нь болох жишээ нь УИХ-ын гишүүн бол хариуцлагагүй байвал эргүүлэн татах гэх мэтээр хуулинд тусгах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.