Шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцдог болно
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
- 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022 оны тавдугаар сарын байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 2333 ялтныг хяналтын системд бүртгэж, хяналтад авснаас 894 ялтны ялын хугацаа дуусаж, суллагдаж 291 ялтны ялыг хорих ялаар сольж, 1148 ялтны ял эдлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж заасан нь ялтныг бүртгэл, хяналтад аваагүй, шүүхээс заасан хориглолт, хязгаарлалт, зорчих чиглэлийг тогтоон ял эдэлж эхлээгүй байхад ялын хугацааг тооцож байна.
Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсон өдрийг гүйцэтгэх хуудсанд дурдаагүйгээс ял эдэлсэн хугацааг харилцан адилгүй тоолж, ялтанд ял завших боломж бий болгож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс бус ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхэлж тоолох зохицуулалтыг тусгалаа.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага мөн.” гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар цэргийн цолтой офицер 1595, ахлагч 1496, энгийн 73 нийт 3164 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 278 дугаар зүйлийн 278.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж заасны дагуу тус байгууллагын алба хаагчид цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэж байгаа хэдий ч бусад цэргийн байгууллагын алба хаагчийн нэгэн адил Цэргийн албаны тухай хуулиар олгогдсон эрхийг эдэлж чадахгүй орхигдож эрх зүйн байдал дордох, алба хаагчийн эрх ашиг, алдагдах нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал дахь дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоо бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах зохицуулалтыг тусгалаа.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.7-д “Цагдан хорих төв, байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн болон согтуурах, мансуурах донтох эмгэгтэй этгээдийг албадан эмчлэх байгууллагын ажилтныг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзнэ.” гэж заасан. Энэ нь баривчлах төв болон баривчлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хамаарахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хуульд заасан эрх зүйн байдал харилцан адилгүй, ялгамжтай байдлаар зохицуулсан байх тул баривчлах төв болон байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэх өөрчлөлтийг тусгав.
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.” гэж заасан бөгөөд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагч цэргийн албанд 10-аас доошгүй жил ажилласан бол цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр, харин 25-аас доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох харилцааг зохицуулж байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тасралтгүй ажилласан боловч эрх зүйн шинэчлэлээс хамааран 2002-2018 онд ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцогдохгүй, уг хугацаанд оруулан тооцох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүйгээс тэдний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох зохицуулалтыг тусгалаа.
Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн эдийн засгийн баталгаа хангагдахаас гадна зорчих эрхийг хязгаарлах ял бодитой хэрэгжих боломж нөхцөл бүрдэнэ гэв.