УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.11.19

Зөв шүүгчдийг томилж чадахгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “ Зовлон үзсэн хүн аргагүй мэдэх юм. Би өмгөөлөгч байх үедээ анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон хэргийг өмгөөлөх гэж байгаад УИХ-ын гишүүн учраас  өмгөөлөгчийн ажлаа өгсөн. Гэтэл тэр хэргийг одоог хүртэл анхан шатны шүүх шийдээгүй байгаа юм билээ. Миний үед шүүх цаад тал нь хоёр жилийн дотор шийддэг байсан. Одоо зургаан жил өнгөрөхөд анхан шатны шүүхээс шийдээгүй байна. Ийм байхад хүн хэргээ шийдүүлдэг гэхэд эргэлзээтэй. Хотод байгаа шүүхүүд ингэж удаж байхад аймагт шүүхээр асуудлаа шийдвэрлүүлнэ гэдэг юу л бол. Зөв шүүгчдийг томилж чадахгүй байна. Томилогдсон хүмүүс нь цалингаа нэмүүлэхийн төлөө л санаа зовохоос ажлаа ахиулахад огт анхаардаггүй” гэлээ.