Хоёр сарын хугацаанд 65,270 иргэн оношилгоо хийлгэжээ
“Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 11 аймагт оношилгооны төв байгуулахаар шийдсэн
2014.06.06

Хоёр сарын хугацаанд 65,270 иргэн оношилгоо хийлгэжээ

2013-2014 онд Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” 165 дугаар зорилтын хүрээнд 11 аймагт Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвийн хөрөнгөөс “Оношилгооны төв” байгуулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу 11 аймгийн оношилгооны төвийг 15-24 нэр төрлийн нийт 19,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан. Тухайн аймгуудын оношилгооны төвийн барилга, тоног төхөөрөмжийн өрөөний засварт 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн ЭХЭМҮТ-ийн “Хүүхдийн зүрх судас, цусны эмгэг, хавдрын эрчимт эмчилгээний цогцолбор төв” байгууллахад 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Ийнхүү эрүүл мэндийн салбарт дээрхи чиглэлээр нийт 23,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулаад байна. 

 Өнгөрсөн 04 дүгээр сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн оношилгооны төвүүдэд 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд нийт 65,270 гаруй иргэн оношилгоо хийлгэжээ. Тодруулбал, оношилгооны төвүүдийг орон нутагт нь байгуулснаар оношилгоо, шинжилгээ хийлгэхээр нийслэл хотыг зорьдог иргэдийн тоо буурч, зардлаа хэмнэн, орон нутагтаа чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж бүрдэж, чирэгдэл багасчээ.

Зөвхөн нэг аймгийн 2013 оны статистикаас харахад 13А маягтаар Улаанбаатар хот руу 3 дугаар шатлалын эмнэлэгт нийт 770 хүн оношилгоо, шинжилгээ хийлгэхээр явснаас 370 нь Компюьтер томографи, 358 нь Уян дуран, 168 нь доплерографийн шинжилгээг хийлгэх зорилгоор тус тус явсан байна. Тэгвэл энэ их чирэгдэл, урсгалыг бууруулах зорилгоор орон нутагт нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасан чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүхий оношилгооны төвийг ашиглалтад оруулах ажил ийнхүү 11 аймгаас эхлээд байна.

 Оношилгооны төвүүд байгуулагдсантай холбоотойгоор эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан 1-5 сарын хугацаатай түргэвчилсэн сургалтыг зохион байгуулж эхэлжээ. Сургалтын хөтөлбөрийн дагуу 11 мэргэжлээр сургалтыг эхлүүлсэн бөгөөд нийт 78 эмч, сувилагч, эмнэлгийн дунд мэргэжилтэн дээрхи сургалтад хамрагдаад байна. Түүнчлэн дурангийн сувилагч, лаборантын 2-р ээлжийн суралцагчдыг 2014 оны 10 дугаар сарын 01-ээс сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

  alt

 Дээрхи дүнгээс харахад, сүүлийн 5 жилд эрүүл мэндийн салбарын эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шат дараатай шийдвэрлэн жилээс жилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна.

 11 аймгийн оношилгооны төвийн тоног төхөөрөмжүүд нь орчин үеийн технологид суурилагдсан дижитал тоног төхөөрөмжүүд байгаа бөгөөд өвчний оношийг телемедицины сүлжээг ашиглан дамжуулж, үндэсний лавлагаа төв болон мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс цаг хугацаа, орон зайг үл харгалзан зөвлөмж зааварчилгаа авч, газар дээр нь оношийг баталгаажуулах бүрэн боломжтой болж байна.