Цусны даралт хэмжих 53 аппарат хүлээлгэж өглөө
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.05.06

Цусны даралт хэмжих 53 аппарат хүлээлгэж өглөө

Эрүүл мэндийн яам орон даяар “Эрүүл  мэндийн довтолгоо” эхлүүлж байна. Учир  нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин  зүйлийн 55-60 хувь нь амьдралын буруу хэвшил,  зан үйлээс нь шалтгаалдаг болохыг ДЭМБ  тогтоосон аж. Үүнээс үүдэлтэй өвчнүүдэд  зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол  гэмтлээс шалтгаалсан эмгэг багтдаг байна. 

Тиймээс Эрүүл мэндийн яамныхан иргэн, өрх  бүрийг хариуцлагатай болгохын тулд “Заавал  хэвшүүлэх 21 дадал” ном түгээжээ. “Хүн бүр  өдөр тутмынхаа амьдралд эдгээр дадлыг  алхам алхмаар хэрэгжүүлж, амьдралын буруу  хэвшлээсээ салж чадваас зүрх, судасны өвчнөөс  90, чихрийн шижингээс 70, хорт хавдраас 50  хувь сэргийлж чадна” гэж Н.Удвал сайд онцлов.  Мөн Эрүүл мэндийн яам 2014 онд “Бүтээлч  15 ажил” хийж байгаагийн нэг нь сум, өрхийн  Эрүүл мэндийн төвүүдийг нийтээр нь цусны  даралт хэмжих суурин автомат аппараттай  болгож буй юм. Цусны даралтын хэмжээгээ  мэддэг, түүнийгээ хянаж сурах нь заавал  хэвшүүлэх 21 дадлын нэг.

Өдгөө манай улсын  хүн амын дунд цус харвалт өндөр байгаа учраас  “Гэртээ цус харвадаггүй ард түмэн болох”  зорилт тавин, Чингэлтэй дүүргийн Эрүүл  мэндийн нэгдэлд 18, Сонгинохайрхан дүүрэгт  35 аппарат хүлээлгэж өглөө.  Засгийн газар, Азийн хөгжлийн банк  хооронд 2007 онд байгуулсан Тусламжийн  хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Эрүүл  мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3” төслийн  хүрээнд суурин 142 аппарат нийлүүлэхээс  53-ыг нь эхний ээлжинд авчирсан нь энэ аж. 

Монгол Улсын сум, өрхийн Эрүүл мэндийн  төвүүдийг бүрэн хангахад ахин 450 ширхэг  аппарат шаардлагатай гэнэ. Эрүүл мэндийн  сайдын 2014 оны төсвөөс 387 сая төгрөг гарган,  үлдсэн аппаратуудыг худалдаж авахаар болжээ.  Тус аппаратын нэг бүрийнх нь үнэ 612 мянган  төгрөг, Япон улсын OMRON i-Q132 фирмийнх  юм байна. Энэхүү аппарат нь нарийвчлал  өндөртэй аж. Үзүүлэхээр ирсэн хүн бүрийн  даралтыг уг аппаратаар заавал үзэж хэвшихийг  салбарын сайд нь өрхийн эмч нарт үүрэгдэв.