Скүүтерийг 16, цахилгаан дугуйг 18 нас хүрсэн хүн унах бөгөөд замын баруун талаар зорчино
2025.05.28

Скүүтерийг 16, цахилгаан дугуйг 18 нас хүрсэн хүн унах бөгөөд замын баруун талаар зорчино

УИХ-ын даргын 2024 оны 76-р захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр /2025.05.27/ зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Лувсанжамц удирдан явуулж, хууль санаачлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Уянга, С.Цэнгүүн, А.Ариунзаяа нар болон иргэд, олон нийт, холбогдох төрийн байгууллага, үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн төлөөлөл болох 100 орчим хүн оролцлоо.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 23-нд УИХ-ын тамгын газрын d.parliament.mn сайтад байршуулж, иргэд олон нийтээс санал авсан.

Мөн 2025 оны 4-р сарын 15-нд Засгийн газраас санал авахаар хүргүүлж, энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.

П.Батчимэг "Өнөөдрийн хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийн зүгээс хуулийн төсөлтэй холбоотой, маш чухал саналуудыг хэлсэн бөгөөд энэхүү саналуудыг хуулийн төсөлдөө харгалзан үзэх болно.

Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн гишүүд болон иргэд, олон нийт, төр хувийн хэвшлийн төлөөлөл болсон та бүхэндээ талархал илэрхийлье" гэв.


“2019-2024 онд суррон, скүүтерээс үүдэлтэй 600 осол бүртгэгдсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд л гэхэд энэ төрлийн осол гэмтэл 4-5 дахин нэмэгдсэн. Насны бүлгээр нь авч үзвэл 10-19 насны хүүхдүүд осолд өртөж нийт тохиолдлын 551 буюу 94.3 хувь нь нийслэлд үлдсэн нь орон нутагт бүртгэгдсэн” байгааг онцоллоо.

Мөн ТЦА-ний хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Очирбат “Скүүтер, мопед түрээслэгч байгууллагуудад өнгөрсөн 2-р сараас хойш “тольтой, хамгаалах малгайтай болго” гэж шаардлага тавиад ямар ч үр дүнд хүрээгүй байна. Мөн зогсоолын асуудлыг шийдэх шаардлагатай” байгаа талаар мэдээлэл өгөв.

2024-2025 онд 5 явган зорчигч сурронд мөргүүлсэн, цахилгаан дугуйтай онхолдсон зэрэг ослын улмаас нас барсан байна. Ажлын хэсгээс “Скүүтерийг 16 нас хүрсэн, цахилаан дугуйг 18 нас хүрсэн хүн унана. Ингэхдээ унадаг дугуйн зам эсхүл унадаг дугуйн эгнээгээр, цахилгаан дугуй замын зорчих хэсгийн баруун талаар талаар явна. Цахилгаан скүүтер зорчих хэсгийн баруун тал, явган хүний зам дээр 5 км цагийн хурдтай явна. Харин цахилгаан дугуйг жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын дуулга өмсөнө" гэв.