Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн 10 дахь цахим хурал боллоо
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал зохион байгуулагдаж, III дахь шатлалын лавлагаа төвүүдээс жирэмсэн эхчүүд болон төрөх, төрсний дараах үед тохиолдож буй хүндрэл, түүнийг удирдах талаар мэдээлэл хийлээ.
Хурлыг эхлүүлж Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ хүрээнд хийгдсэн ажлуудын талаар, мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн товч мэдээллийг танилцуулав. 3 дугаар сарын 11-нээс 18-ны өдрийн долоо хоногийн хугацаанд 1557 эх амаржиж, 1558 хүүхэд мэндэлжээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарын үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байна, тус салбарын талаархи иргэдийн ойлголт, хандлага ямар байна вэ гэдэг асуудлаар 150 гаруй иргэдтэй уулзаж, нээлттэй ярилцжээ. Энэ уулзалтын үеэр олон санал, шүүмж ирж байсан гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлээд, эмнэлгүүд, тэр дундаа төрөх эмнэлгүүд дэх албан бус төлбөрийн талаархи мэдээллийг бүх эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн сайдад хаягласан "илтгэх хуудас" ирүүлэхийг үүрэг болгов.
Мөн 2013 онд хийсэн эмнэлгийн тусламжийн албан бус төлбөрийн талаархи судалгааны тайланг эрүүл мэндийн бүх байгууллагуудад хүргүүлэхийг ЭМХТ-д даалгав. Тус уулзалтын үеэр иргэд, Эрүүл мэндийн салбарт хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаархи мэдээ мэдээлэл дутмаг байдаг, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа мэдээлэхгүй, танилцуулахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байжээ.
Эрүүл мэндийн яам 2013 оноос 03 дугаар сарын 18-нийг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2014 онд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн стратеги”-ийг анх удаа баталснаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах талаар тусгайлсан бодлоготой боллоо. Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, санхүүжилт олгох, аймаг, дүүрэг бүрт эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар төлөвлөөд байгааг хурлын үеэр мэдээлж байв.
2014 онд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн стратеги”-ийг анх удаа баталснаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах талаар тусгайлсан бодлоготой боллоо.
Мөн 3 дугаар сарын 18-нд “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдвээр Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг болсон. Тус ярилцлагад УИХ-ын эмэгтэй гишүүд, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон яамны мэргэжилтнүүд, улсын төв эмнэлгүүд, Жендерийн үндэсний хороо, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Батлан хамгаалах яам, хувийн хэвшлийн эмнэлгүүд, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн ТББ-уудын сүлжээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл оролцсон байна.
Уг хэлэлцүүлгээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлого, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар ярилцсан. Түүнчлэн 03 дугаар сарын 17-ны өдөр “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” хэвлэлийн бага хурал зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгсөн билээ.
Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ЭМШУИС хамтран “Оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт”–ыг 3 дугаар сарын 18-нд зохион байгуулсныг мөн мэдээлэв.
Шинэчлэлийн Засгийн газар, ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн жилд хөдөөгийн хүн амд орон нутагтаа чанартай, аюулгүй оношилгоо, эмчилгээг хийлгэх боломжийг бүрдүүлэх үүднээс аймгуудыг оношилгооны төвтэй болгох зорилт тавин, эхний ээлжийн 11 аймагт тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгч байгаа. Өнөөдрийн байдлаар тухайн сонгогдсон аймгуудаас Архангай, Баян–Өлгий, Баянхонгор, Сэлэнгэ, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгууд тоног төхөөрөмж суурилуулах засварын ажлаа хийж дууссан байна.
Дархан-Уул аймаг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээнд тулгамдсан асуудлуудад нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээ хийх, эмч, мэргэжилтнүүдийн эрдэм, шинжилгээ судалгааны арга зүй, чадавхийг дээшлүүлэх зорилгоор “PROMOTION -14” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 14-ны өдөр зохион байгуулжээ.
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн цахим хурлуудад лавлагаа төвүүдээс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүддээ сэдэвчилсэн сургалт, мэдээллийг тогтмол хийж эхэлсэн. Энэ удаагийн хуралд “Эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлсэн тусламжийн талаархи мэдээлэл”-ийг Улсын нэгдсэн нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр- Очир нар танилцуулж, зарим зааварчилгааг өглөө. Түүнчлэн “Элэгний эмгэг ба жирэмсэн” сэдвээр УНТЭ –ийн эмч Д.Энхжаргал, “Мэдрэлийн эмгэг ба жирэмсэн” сэдвээр УГТЭ-ийн эмч Ц.Ариунаа нар мэдээлэл хийв.