“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит шуурхай цахим хурал боллоо
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 14 дэх удаагийн цахим хурал өнөөдөр /2014.04.18/ боллоо.
Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, Э.Сүхбаатар, Клиникийн гуравдугаар амаржих газрын дарга Д.Бат-Очир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Гэрэлмаа нар оролцов.
Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрч буй долоо хоногт хийгдсэн ажлын талаар товч мэдээлэл хийж, Эрүүл мэндийн сайдын “Эх, хүүхдэд ээлтэй аймаг, дүүрэг шалгаруулах тухай” тушаалын талаар танилцууллаа.
2014 оны 04 дүгээр сарын 8-15-ныг хүртэл улсын хэмжээнд нийт 1553 төрөлт бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 752, хөдөө орон нутагт 771 төрсөн байна.
2014 оныг Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ЭХЭМҮТөв өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нийт аймаг, нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик, мэдээг гаргаж байгаа. Он гарснаар улсын хэмжээнд эхийн ноцтой хүндрэл гарсаар байгаа нь эх, нярайд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хангалтгүй хүргэж байгааг илтгэж буйг сануулж, салбарын сайд уг асуудалд анхаарал хандуулж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
14 дэх удаагийн цахим хурал
Мөн хүүхдийн эндэгдлийн багагүй хувийг уушгины хатгалгаа эзэлж байгааг нягталж, хаанаа асуудалтай байгааг тогтоохыг холбогдох мэргэжилтнүүдэд даалгасан. Цаашид хүн амын нас баралтыг бууруулах стратеги, бодлого боловсруулах шаардлагатай байгааг ч Эрүүл мэндийн сайд онцолж байлаа. Түүнчлэн тэрээр ирэх 7,8 саруудад эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын явцын дунд хугацааны үнэлгээг бүсчилсэн хэлбэрээр явуулахаар болсноо энэ үеэр дуулгасан.
Үүний дараагаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” сэдвээр мэдээлэл өглөө.
Өнгөрч буй долоо хоногт хийгдсэн зарим ажлуудаас дурьдвал:
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэндийн сайдад хот суурин газрын агаарын бохирдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, судалгаа, шинжилгээ болон ухуулга нөлөөлөл, урагт хэрхэн нөлөөлж байгаа, эдийн засагт учруулж байгаа хор хохиролын талаар асуулт тавьсанд хариулт өгсөн.
- “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай” Монгол улсын хууль боловсруулах ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагааг эхлүүллээ. 2013 онд эх, хүүхдийн эрүүл мэндийн улсын зөвлөгөөнийг хийсэн бөгөөд уг хурлаас гарсан зөвлөмжид эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуультай болох шаардлагатай байгааг тусгасан. Энэ зөвлөмжийн дагуу дээрх ажлын хэсгийг байгуулжээ.
- Хөвсгөл, Дорноговь, Сэлэнгэ аймгийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах, иргэдэд сурталчлах, эмч, мэргэжилтнийг дадлагажуулах ажлыг зохион байгуулсан. Энэ үеэр аймгууд жирэмсэн эмэгтэйчүүдийн асуудлаар ЭХЭМҮТ-тэй холбогдож зөвлөгөө авчээ.
- Дорноговь аймаг “Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэл-Эх хүүхдийн эрүүл мэнд” уриан дор удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулсан байна. Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газраас:
- “Оношийн асуудал ба түүний шийдэл” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Эмгэг судлалын үндэсний төвийн дэд захирал Б.Оюунэрдэнэ, зөвлөх зэргийн эмгэг судлаач эмч Б.Уранчимэг нарыг урьж хичээл заалган, нийт 92 их эмчийг хамруулсан.
- Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг орон нутагтаа зохион байгуулсан.
- Сум, өрхийн эмч нарын “0-5 насны хүүхдийн гэрийн идэвхитэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх”, “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах” аян, Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах “Орц” арга хэмжээг зохион байгуулсан зэрэг олон ажлыг хийсэн байна.
- Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал, харилцаа хандлага” сэдвээр сургалтыг явуулжээ.
Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
- Дархан–Уул аймгийн Эрүүл мэндийн газар орон нутгийн байгууллагуудын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны оролцоог сайжруулах зорилгоор сурталчилгааг явуулсны үр дүнд 38 албан байгууллагад “Эрүүл мэндийн зөвлөл”-үүд байгуулагдсан байна. Эдгээр байгууллагуудын Эрүүл мэндийн зөвлөлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс 04 сарын 17-ны өдөр зохион байгуулжээ.
- Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын “Бор-Өндөр-2” ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр Өмнөдэлгэр, Гурванбаян, Биндэр, Баян-Адарга зэрэг сумдын эх, хүүхдийн ажлын хэсгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан. Өмнөдэлгэр сумын Эх, хүүхдийн ажлын хэсгийн гишүүдээс багийн Засаг дарга нар, сайн дурын идэвхтэн ээжүүд /ажлын хэсгийн гишүүн/ сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, Биндэр сумын багийн Засаг дарга, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, Баян-Адарга сумаас сумын ЗДТГ-ын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эмч мэргэжилтнүүд, Гурванбаян тосгоны ажлын хэсгийн гишүүд, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд зэрэг нийт 30 гаруй хүн оролцсон юм.