УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2014.03.25

Эмч нар хүнээ эмчлэх цаг завгүй болсон

 Монголын эдийн засгийн форум зохион байгуулагдахтай холбоотойгоор Eagle телевизийн “9:1 хэлэлцүүлэг” зохион байгуулагдсан юм. Эдийн засгийн форумд “Эрүүл мэндийн засаглал”-ыг сонгон хэлэлцэхээр болсон. Энэ ч үүднээс  9:1 хэлэлцүүлэгт эрүүл мэндийн засаглал, тогтолцооны талаар ярилцсан юм.  Хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүн С.Одонтуяа  болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа эрүүл мэндийн засаглалын тухай өөрийн байр сууриа илэрхийлэв.

 -Хууль тогтоох түвшинд олон хуульд өөрчлөлт орохоор хүлээгдэж байна. Бид ч болохгүй байгаа зүйлээ олж харж эхэлж байна.  Төрийн оролцоо их байна гэсэн шүүмжлэл байдаг. Төр оролцож болохгүй салбар гэхээр төрийн оролцоо ямар түвшинд,  яг юун дээр байх вэ гэдэг тодорхой болох байх. Хууль тогтоох түвшинд энэ асуудал яаж яригдаж байна?

 -Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг хууль эрх зүйн орчны, хөрөнгө оруулалтын, хүний нөөцийн, санхүүгийн шинэчлэл  гэсэн үндсэн 4 чиглэлд харж байна.  Хууль эрх зүйн шинэчлэлийг хаашаа явуулах вэ?гэдгийг төрөөс энэ салбарт ямар бодлого баримтлахаа эхлээд тогтох ёстой. Эрүүл мэндийн салбарт төр  ямар бодлого баримтлах юм бэ? гэдэг зүйл өнөөдөр байхгүй байна. Нийгмийн эрүүл мэндийн салбарт байгаа. Харин эмнэлгийн түргэн тусламж, үйлчилгээний салбарт байхгүй. Иргэд ч ойлголтгүй, Эрүүл мэндийн яам нь ч стратегиа тодорхой болгоогүй.

 Азийн хөгжлийн банкны 183 мянган долларын төсөл хэрэгжсэн.

Эрүүл мэндийн салбар өөрөө өвөрмөц салбар. Зарим салбарт хувь хүн сонголт хийж болдог. Жишээ нь: банкны салбар, мэдээллийн технологи, дээд боловсрол...гэх  мэт. Тэр хүн мөнгөгүй бол үйлчилгээ авахгүй байж болдог сонголттой салбаруудад бид  хувийн хэвшлийн үйлчилгээг нэвтрүүлэх бодлого баримталдаг. Гэтэл ЕБС, эрүүл мэндийн салбар бол хувь хүний төлбөрийн чадвараас үл хамаараад  эрүүл мэндийн анхан шатны тэгш хүртээмжтэй үйлчилгээг авах ёстой.  Үндсэн хуульд энэ тухай заасан.

Эрүүл мэндийн хуульд төрөөс ямар бодлого баримтлах вэ гэхээр “Эрүүл мэнд гэдэг бол төрийн онцгой анхаарал, халамжид байна” гэж тогтсон байдаг. Бид ард иргэдээ зөв ойлголттой болгох ёстой. Засаглал яриад уналаа, бүгдийг хувьчлах, эс бөгөөс төр өөрийн болгох гэж байгаа юм болов уу гэсэн ойлголт төрж байгаа байх.  Энд бид болгоомжтой хандах хэрэгтэй.  Зарим орнууд хэт туйлширч эрүүл мэндийн салбараа 100% хувьчилснаа эргээд төр нь авч байна. жишээ нь: Дээд зэргээр зах зээлд орчихсон Хонконг гэхэд дандаа төсвөөс санхүүжүүлдэг. Иргэддээ 100% эрүүл мэндийн үйлчилгээг төр хариуцаж байна. Голландад төрийн өмчит төсвөөс санхүүждэг үйлчилгээтэй эмнэлгүүд олон байна. Иймд бид маш болгоомжтой хандах ёстой.

 

Азийн хөгжлийн банкны 183 мянган долларын төсөл хэрэгжсэн. Энэ төсөлд эмнэлгүүдэд туршилтын журмаар хөрөнгө оруулалт хийж засаглалыг сайжруулъя. Өнөөдөр засаглалыг сайжруулахгүй бол замбараагүй байдал үүсчихээд байгаа. Хүнээ эмчлэх, менежментдээ  анхаарах цаг зав хомсдоод бичиг цаастай ноцолдож, яам тамгын газар луу эмч нар анхаарч байна. Бид эрүүл мэндийн төсөлд тов тодорхой заасан. Туршилтаар эмнэлгийн засаглалыг хагас бие  даасан тогтолцоо руу оруулъя. Энэ нь төсвөөс эмнэлгийн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулж эмнэлэг өөрөө үр ашигтай байдлаа бий болгох гэсэн зүйл рүү явж байгаа. Эдийн засгийн форумд оруулж байгаагийн шалтгаан нь эрүүл мэндийн салбарыг эмч хүн удирдах ёстой гэсэн буруу ойлголт өнөөдрийн тулгамдсан асуудлыг бий болгочихсон.  

Өнөөдөр салбар тэр чигээрээ эдийн засаг. Тог цахилгааны мөнгөө яаж шийдэх, цалингаа яаж өгөх юм бэ?гэж.  Эмч хүн бол өнөөдөр хүнээ эмчлэх ёстой. Эмчийн эмчилгээ хийх бүх нөхцлийг эмнэлгийн удирдлага, эдийн засагч, санхүүч, аж ахуйн хүмүүс 100% хангаж байх ёстой. Ингэж гэмээнэ эмч хүн 100% өөрийн сурсан мэдсэн зүйлээ хийнэ. Энэ  нь сан техникийн слесарч  хүнээр мэргэжлийн хагалгаа хийлгэх гэж байгаатай адил.

Мөн С.Одонтуяа хэлэхдээ: Нэг ёсондоо эмнэлэг бол үйлчилгээний байгууллага.  Гэтэл өнөөдөр төрийн албан байгууллага шиг байна.  Эмнэлэгт үйлчилгээ авах гээд ирж байгаа өвчтөн болгон өөр өөр.

Бусдаас хараат бус олон улсын стандартаа дагаад үйлчилгээгээ барьж, хуулиараа ажиллах ёстой.

Нэлээд хэдэн жилийн өмнө засаглалыг хэрэгжүүлэхэд ямар хуультай харшилдаж  байгаа талаар үзсэн. Хэрэгжихгүй байгаа нь олон хуулийн заалттай зөрчилдөж байгаа юм. Энэ дээр би  ажиллаж байна.  Манайд улсын үйлдвэрийн болон төсөвт үйлдвэрийн гэсэн 2 газар байгаа. Улсын үйлдвэрийн газар нь төрийн өмч дээр тулгуурлаж төсвөөс санхүүжилт авдаггүй газрууд байна. Харин   манай эмнэлгүүд төсвөөс санхүүжилт авах учраас хамаарахгүй. Тэгэхээр төсөвт үйлдвэрийн газарт ч орохгүй. Энэ бол төрийн өмчийн эд хөрөнгө дээр байна, төсвөөс мөнгө авч байна. бүх хууль, дүрэм журам нь төрийн байгууллага шиг ажилладаг.

Хүмүүс нь цалингийн сүлжээтэй, санхүүжилт, зарцуулалт нь зардлаар явдаг. Эмнэлэг зардлаа хэмнэж мөнгө үлдээсэн тохиолдолд төр буцаагаад авчихдаг. Тэр мөнгөө эргүүлж авахын тулд эмнэлэг бөөн чирэгдэл болж 6 сар хөөцөлдсөний эцэст авдаг.  Иймээс үр ашигтай зарцуулах сонирхол байхгүй. 6 сар хөөцөлдөж авч байснаас зардлаа хэмнэх бус бүх мөнгөө үрж дуусгахыг гол болгодог. Иймд төрийн байгууллагаас салгах хэрэгтэй.

Бид УИХ дээр “Нийтийн албаны тухай хууль” ярьж байгаа. Эмч, багш нарыг төрийн албанаас гаргая гэж яригдаж байгаа. Энд төсвийн тухай хууль, төрийн албаны тухай хуультайгаа зөрчилдөнө. 2016 он хүртэл “Эмнэлгийн тухай хууль”-ийг батлах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Эмнэлгийн тухай хууль олон байгууллагаас хамаарсан бус өөрийн хуультай байх хэрэгтэй.

Бусдаас хараат бус олон улсын стандартаа дагаад үйлчилгээгээ барьж, хуулиараа ажиллах ёстой. Хариуцлагын механизм, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөц, санхүүгээ хэрхэн зохицуулах зэрэг асуудлаа төрөөс хараат бус хуулийн хүрээнд зохицуулах хэрэгтэй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...