Барилгын үндэсний ассоциацид бүртгэлтэй компаниудын олонх нь зээлд хамрагдаж чадаагүй
Монголбанк арилжааны банкуудтай зээлийн гэрээ хийж 385 тэрбум төгрөгийг бага хувийн хүүтэйгээр орон сууц барьж буй барилгын компаниудад зээл болгож олгохыг даалгасан.
2013.09.19

Барилгын үндэсний ассоциацид бүртгэлтэй компаниудын олонх нь зээлд хамрагдаж чадаагүй

Барилгын үндэсний ассоциацид нийт 100 гаруй компани бүртгэлтэй байдаг аж. Үүнээс 10 гаруй компани л Монголбанкны орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зээлд хамрагдсан байж магадгүй байгаа юм байна.

Үлдсэн компаниуд нь энэхүү зээлд хамрагдахыг хүссэн боловч арилжааны банкууд өндөр шалгуур тавих буюу зээлийн хүүг дур мэдэн нэмж байгаагаас олонх компани хамрагдаж чадахгүй байна гэсэн санал гомдол ассоциацид иржээ.

Энэ үүднээс Барилгын үндэсний ассоциаци Монгол банк болон Барилга, хот байгуулалтын яаманд хөнгөлөлттэй зээлд хамрагдах шалгуур үзүүлэлт, тавигдаж буй шаардлага, зээл авсан компаниудын нэрс, олгосон зээлийн хэмжээ болон хүүгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн тухай албан бичгийг явуулсан ч дээр дурдсан шиг бие бие рүүгээ түлхсэн хариултыг илгээсэн байна.

Тэгэхээр ассоциацийн зүгээс ч барилгын ямар 42 компани зээлд хамрагдсаныг мэдэхгүй байгаа ажээ. Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалаас цөөн зүйл тодрууллаа.

-Танай ассоциацид бүртгэлтэй 100 гаруй компани найман хувийн хүүтэй орон сууц нийлүүлж буй компанийн тоонд багтаж байгаа юу?

-Олонх нь хамрагдаагүй. Учир нь, бүх барилгын ажил нь дууссан компани хамрагдаж байгаа. Манайд бүртгэлтэй олонх компанийн барилгын ажил оны эцэст дуусна. Зун ганц нэг барилга ашиглалтад орсон. Тэр компаниуд зээлд хамрагдсан байхыг үгүйсгэхгүй.

-Монголбанк орон сууцны нийлүүлэлтийг дэмжихэд зориулан 42 компанид зээл олгосон. Тэр дунд яагаад танайд бүртгэлтэй компаниуд багтаагүй юм бэ?
Гэрээний хүрээнд гурван сарын хугацаанд 385 тэрбум төгрөгийг бага хувийн хүүтэйгээр орон сууц барьж буй барилгын компаниудад олгоно

-Тус зээлийг ямар журам, шалгуураар яаж өгч байгаа нь тодорхойгүй байсан. Орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжих зорилгоор Монголбанк арилжааны банкуудтай зээлийн гэрээ хийсэн гэсэн. Гэрээний хүрээнд гурван сарын хугацаанд 385 тэрбум төгрөгийг бага хувийн хүүтэйгээр орон сууц барьж буй барилгын компаниудад зээл болгож олгохыг даалгасан юм билээ.

Энэхүү зээлийг дээрх хугацаанд багтааж барилгын компаниудад олгохгүй бол үлдэгдэл дээр нь торгууль тавина гэсэн асуудал яригдаж байсан. Гэхдээ манай байгууллага олж үзэж чадахгүй байна. Магадгүй үүнээс болж сандраад хэн нь ч мэдэгдэхгүй 42 компанид өгсөн юм шиг байгаа юм. Манайд бүртгэлтэй компаниудыг очихоор хөнгөлөлттэй зээл байхгүй арилжааны зээл ав гэдэг. Ийм шалтгаанаас зарим компани зээлд хамрагдах хүсэлт гаргасан ч хамрагдаж чадаагүй. Тиймээс ямар шалгуураар компаниудаа сонгож зээл өгснийг албаныхнаас тодруулахаар бичиг цаас явуулсан ч тодорхой зүйл хэлэхгүй байна.

-Тэгэхээр танайд бүртгэлтэй орон сууцны барилгын 100 гаруй I компани хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадаагүй учраас орон сууцны үнээ нэмэх үү?

Компаниуд зах зээлийнхээ л үнээр явна. Орон сууцны үнэ намар өсдөг.

-Манай компаниуд зах зээлийнхээ л үнээр явна. Ер нь орон сууцны үнэ хэзээ өсдөг талаар судалгааг манай байгууллага сүүлийн 5-6 жил хийж байна. Орон сууцны үнэ намар өсдөг. Учир нь, олонх орон сууцны барилга ашиглалтад орон хугацаа нь тэгж таарч, хэрэгцээ эрс нэмэгдэж үнэ өсдөг. Тиймээс намар ихэвчлэн орон сууцны үнэ өслөө гэж ярьдаг. Гэхдээ одоогоор манай ассоциацид бүртгэлтэй ганц ч компани үнээ нэмээгүй байна.

-Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн журам хэрэгжиж эхэлснээс хойш эрэлт ихэсч нийлүүлэлт багасч байгаа талаар судлаачид хэлж байна. Энэ жилийн хувьд хэчнээн орон сууц ашиглалтад орох юм бэ?

-Найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн учраас эрэлт эрс ихэснэ. Гэхдээ нийлүүлэлтийг нь дэмжсэн бодлого буруу байна.

Энэ жил зах зээлд ойролцоогоор 60 мянган орон сууц баригдаж байгаагаас найман сарын байдлаар 6500 гаруй нь ашиглалтад орсон байгаа. Харин оны эцэст 11 орон сууц ашиглалтад оруулах тооцоо байгаа юм.