Г.Батсүх: Чанаргүй барилгууд зах зээлээс шахагдана
Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн захирал Г.Батсүх
2013.09.06

Г.Батсүх: Чанаргүй барилгууд зах зээлээс шахагдана

Барилгын салбар үүссэний 87 жилийн ой тохиож байна. Тэд өнөөдөр Барилгачдын талбайд цугларан баяраа тэмдэглэх юм. Тэгвэл 87 жилийн хугацаанд энэ салбарт ямар ахиц дэвшил, ололт амжилт гарсан бол.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт нийт 43 мянган айлын орон сууцны барилга барьж байгаа гэсэн судалгаа байна. Түүнчлэн орон сууцны ам метрийн үнэ дөрвөн сая хүрээд буй.

Энэ талаар Барилгын зөвлөгөө мэдээллийн төвийн захирал Г.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Шалтгаан нь?

-Нэг шалтгаан нь найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Энэ зээлтэй холбоотой ялангуяа хуучин орон сууцны үнэ өссөн байна. Шинэ орон сууцных бол бага зэрэг л өгссөн. Жишээлбэл, хуучин орон сууцны үнэ 20 гаруй хувиар өссөн бол шинийнх нь 4-5 хувийн өсөлттэй байна.

Түүнчлэн орон сууцны үнэ өсөхөд ченжүүд нөлөөлж байна. Мөн манай иргэд ч гэсэн орон сууцны үнэ өсөхөд өөрсдөө нөлөөлж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Орон сууцны үнийг бууруулахын тулд яах ёстой вэ?

-Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Нийлүүлэлтээ нэмье гэхээр газар нь олдохгүй болчихоод байна. Түүнчлэн дэд бүтэц, дулааны асуудал нь бүрэн шийдэгдэж чадахгүй байна. Өнөөдөр баригдаад байгаа барилгуудаас 60 гаруй нь техникийн нөхцөлөө авч чадаагүй.

-Барилгын материалын үнэ өсч байгаа юу?

-Барилгын материалын үнэ энэ жил харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ барилгын материалын үнийг бууруулсан нь орон сууцны үнэ өсөхгүй байхад нөлөөлөхгүй байгааг харуулж байна.

-Одоо зах зээл дээр орон сууцны үнэ квадрат метр нь хэдэн төгрөг байна вэ?

-Барьж байгаа дийлэнх барилгын 40 гаруй хувь нь тансаг зэрэглэлийн орон сууц. Хотын захын байрнууд 980 мянгаас дээш байгаа. Харин тансаг зэрэглэлийнх нь 3-4 сая байна. Үүний ялгааг иргэд ойлгох хэрэгтэй.

-Үнэ нь өсөөд чанар нь муудаад байгаа юм биш үү?

-Ялангуяа барилгын салбарт чанарыг сайн анхаарах болсон. Барилгын салбар 1990-ээд оноос үйлдвэрлэлийн хэмжээ нь буурч, 2000 оны эхээр нэмэгдсэн. Эхний жилүүдэд зарим барилгын компани чанаргүй барилга барьсан тохиолдол гарч байсан.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотойгоор хуучин орон сууцны үнэ өссөн.

Гэвч тэр компаниуд зах зээлээс шахагдсан. Сүүлийн үед чанаргүй барилга харьцангуй цөөн болсон. Компаниудын барилгачид, инженерүүдийн чадвар дээшилж, барилгын чанарт багагүй анхаарах болсон. Ер нь чанар муудах биш сайжирч байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл 1960, 1970-аад оны үед Орос чанараар барьсан барилгууд өдийг хүртэл нэг ч тоосго нь унахгүй байгаад байна. Гэтэл шинэ орон сууцнуудын хана нь цуураад л шохой нь ховхорч унаад байдаг шүү дээ. Үүнийгээ барилгын компаниуд дэлхийн стандарт гээд байгаа. Тэгэхээр ямар стандартыг баримтлах ёстой юм бэ?

-Одоогоор норма стандартын шинэчлэлийн ажлууд хийж байна. Бидний хэрэглэж байгаа норма стандартын 60 гаруй хувь нь социализмын үед хэрэглэж байсан стандартууд. Үүнийг шинэчилж “Евро” стандартын хэмжээнд хүргэхээр ажиллаж байна. Нийтдээ барилгад 500 орчим стандартыг хэрэглэдэг.