Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд таатай орчинд амьдарна
2025.06.20

Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд таатай орчинд амьдарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэг өчигдөр /2025.06.19/ боллоо. Хэлэлцүүлэгт дүүрэг, хороодын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 150 хүн оролцов.

Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Хотын дарга Х.Нямбаатар анх удаа дүүрэг, хороодын Засаг дарга нартай өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахдаа хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

Тухайлбал, нийслэлийн явган хүний зам талбайг чөлөөлөх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах, эвдэрч муудсан хашаа, хайсыг буулгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хурсан хог хаягдал, төмрийн сэгийг цэвэрлэх, золбин нохой, муурын судалгааг гаргаж, асуудлыг цэгцлэх, дулаалгын төсөлд хамрагдах иргэдийн гэр болон амины орон сууцны нөхцөлийг тодорхойлох, хотын соёлыг бий болгох, аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллах зэрэг олон талт үүрэг даалгаврыг анхны уулзалтаар өгч байсан. Эдгээр үүрэг даалгаврыг биелэлтийг дүгнэж, дараагийн асуудлуудаа хэлэлцлээ. Хэлэлцүүлэг өнөөдөр мөн үргэлжилнэ.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хорооны Засаг дарга бүр тухайн хорооны нутаг дэвсгэрт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэх гарц гаргалгааг ярьж байна. Жишээлбэл, явган хүний зам, авто зам, орон сууцны засвар шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины зогсоол, ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Бид дөрөвдүгээр сарын эхээр анхны уулзалтаа хийж, эхний ээлжийн үүрэг даалгавруудыг өгч, тодорхой санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдсэн. Эдгээр ажлын үр дүнг хэлэлцэж, мөн дутуу ажлуудаа гүйцээх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Улаанбаатар хотод 204 хороо болон есөн дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нийлээд бүх тулгамдсан асуудлаа харилцан уялдаатай шийддэг, харилцан хяналт тавьдаг менежмент рүү орж байна. Газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх гээд бүх асуудлаа хамтдаа шийдэж, ажлаа эрчимжүүлэхийн тулд ажиллаж байна. Хот бол хүнийг төрсөн цагаас нь эхлээд л эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ажлын байр, амьдрах орчин гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж явдаг нэг том байгууллага. Энэ том байгууллагын хүмүүс өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллаж байж иргэд аль болох аятай тухтай орчин нөхцөлд амьдарна. Бид бүх шатандаа хариуцлагатай, харилцан уялдаатай ажиллахын тулд уулзалтыг тогтмолжуулна. Засаг дарга нар гудамжиндаа гарч ажиллах ёстой. Иргэдийн санал, хүсэлт, шүүмжийг хүлээж авдаг, шийддэг байх хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.