Эрчим хүчний салбарт шинэ ТЭЦ-3 барьсантай тэнцэх бүтээн байгуулалт хийж байна
Улс орны хэмжээнд өрнөж буй том төслүүдийн ажлын явцыг мэдээлдэг ээлжит “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр боллоо. Сайншандыг нийслэлтэй холбосон хатуу хучилттай авто замыг өнгөрсөн долоо хоногт нээснээр энэ жил дуусгах 6 аймгийн замын 2 нь бүрэн ашиглалтад орлоо. Үлдсэн 4 аймгийн замын газар шорооны ажил дуусч, одоо өнгөн хучилт хийж байна.
Нийслэлд Мишээл экспогийн ар, 1-р хорооллын ар, Сонсголонгийн замын ажил ид өрнөж байна. “Гудамж” төслийн хүрээнд Циркийн хойд, 25 дугаар эмийн сангийн урд, ТЭЦ-3-ын урд, Гэмтлийн эмнэлгийн арын уулзваруудын шинэчлэл эхэлсэн. Өнөөдөр Тасганы овооны уулзварыг нээснээр 12 дахь уулзвар бүрэн ашиглалтад орлоо.
Нисэхийн замын зорчих хэсгийн нэг урсгалыг нээсэн, Цонжинболдог руу тавьж буй замын хөдөлгөөнийг энэ сарын 15-нд нээнэ гэж холбогдох албаныхан мэдээллээ. Ерөнхий сайд өмнөх “Бүтээн байгуулалтын цаг”-аар авто замын чанарт тавьж буй хяналтаа сайжруулахыг үүрэг болгосны дагуу холбогдох газраас тайлбар өгсөн юм.
Замын эвдрэлийн үндсэн шалтгаан болдог ус зайлуулагч, шингээгчийг шинэ замуудад бүрэн суурилуулсны дараа хүлээн авч байгаа бол хуучин замуудад нэмэлтээр тавьж эхэлсэн. Иймд цаашид нийслэлийн авто замын нас уртасч, чанар сайжирна гэж Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ.
Өнөөдрийн байдлаар 15 мянган зээлдэгч өндөр хүүтэй орон сууцны зээлээ 8 хувьд шилжүүлж, шинээр 6300 иргэн зээл аваад байна.
"Чингис" бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдээс сүүний фермийн ажил эхэлчихсэн, ирэх долоо хоногт багтаан ноос, ноолуурын 3 төслийг шийдвэрлэнэ. Гурван ээлжээр өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч сурагчдын дүрэмт хувцасны нийлүүлэлт графикт хугацаанаас 7 хоногийн хоцролттой явна.
Газар тариалангийн салбарт ургац хураалт хэвийн үргэлжилж байна, сүүлийн өдрүүдийн цочир хүйтрэл ургацад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Эрчим хүчний салбарт энэ онд ТЭЦ-3 станцтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт хийж буйг М.Сономпил сайд онцолсон юм.
Шинээр ашиглалтад оруулсан Салхитын цахилгаан станц болон дулааны хоёр станцын өргөтгөлийн хүчин чадлын нэгдсэн дүнг тооцоход ТЭЦ-3 станцын одоогийн гаргаж буй 148 MBT чадлаас давсан эх үүсвэр болж байгаа.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хүч тавьж хэрэгжүүлж буй эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэх зорилт ийнхүү үр дүнд хүрч эхэлсний зэрэгцээ ирэх жилүүдэд босох станцуудын ажил урагшилсан нь том ахиц болохыг ч сайд дурьдлаа.
Дараа оны намар ашиглалтад орох Амгалангийн дулааны станц гэхэд л Дарханыхаас хоёр дахин илүү эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлнэ, ажил нь гараанаас хөдөлсөн ТЭЦ-5 станц шинээр барих үйлдвэр, орон сууцуудыг цахилгаан, дулаанаар хангах найдвартай эх үүсвэр болно.
Улаанбаатар хотын гэр хорооллын 12 байршилд хашааны газрын оронд тохилог орон сууцууд босч байна.
Орон сууцны барилга, инженерийн дэд бүтэц тавих ажлууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 15 мянган зээлдэгч өндөр хүүтэй зээлээ 8 хувьд шилжүүлж, шинээр 6300 иргэн зээл аваад байна.
Энэ жил 37 мянган айлын орон сууц ашиглалтад орно гэж тооцоолсон ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул яг хаана хаана хэдэн барилга хэзээ босч бэлэн болохыг нарийвчлан гаргахаар судалгаа хийж эхэлсэн. Мөн түрээсийн орон сууцууд барих байршлуудын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж байна гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан мэдээллээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын 12 байршилд хашааны газрын оронд тохилог орон сууцууд босч байна. Одоогоор Баянзүрх дүүрэгт Эрдэнэтолгой, Нарантуул захын орчим, Чингэлтэй дүүрэгт Хайлаастын гэр хорооллыг орон сууцжуулах ажил хамгийн ахицтай явна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр хэллээ.