“Ерөнхий сайдын 30 минут” боллоо
Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгдөг “Ерөнхий сайдын 30 минут” нээлттэй ярилцлага өнөөдөр боллоо.
Амралтынхаа хугацаанд баруун болон зүүн бүсийг нийслэл хоттой холбох авто замын ажил хэрхэн үргэлжилж байгаатай газар дээр нь танилцаад ирсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтынхаа эхэнд шинээр тавигдаж буй авто замын ажилтай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
“Дорнод аймгийг нийслэлтэй холбох авто замын ажил энэ онд бүрэн дуусна. Зарим саатаад байсан ажлуудыг хэвийн үргэлжлүүлэх боломж олгож, богино хугацаад урт зам тавихаар ажил авсан компани замаа тавьж чадахгүй бол эртхэн өөр компаниудад хувааж өгөх ажлыг судална” гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр
Мөн баруун хязгаар Увс аймгийг нийслэлтэй холбох авто замын ажил хэвийн үргэлжилж байгаа ч ирэх онуудад тавигдаж, ашиглалтад орох замын ажлыг гүйцэтгэх компанийг тухайн онд нь бус эрт сонгон шалгаруулж, ажлаа эхлэх боломж олгох хэрэгтэйг Ерөнхий сайд онцоллоо.
Орон сууцны өндөр хувийн хүүтэй зээлээ найман хувийн хүүтэй зээлд 14 мянга гаруй иргэн шилжүүлээд байгаа бол өнөөдрийн байдлаар шинээр 3000 гаруй иргэн хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна.
Мөн сурагчийн дүрэмт хувцастай холбоотой шүүмжлэл их байгаа учраас Ерөнхий сайд холбогдох хүмүүстэй уулзсан талаарх мэдээллээ сэтгүүлчдэд өгсөн юм.
Сурагчийн дүрэмт хувцасны үнэ нь 90-100 мянган төгрөг болж нэмэгдээгүй гэв.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, гадагшаа урсах 50 орчим тэрбум төгрөгийг дотооддоо үлдээж, 5000 орчим оёдолчныг ажлын байртай болгож байгаа. Хамгийн гол нь сурагчийн дүрэмт хувцасны үнэ нь 90-100 мянган төгрөг болж нэмэгдээгүй гэдгийг хэллээ.
Сэтгүүлчдийн зүгээс гадны хөрөнгө оруулалт, долларын ханшны өсөлт, Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлсэн тухай болон Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудлыг Ерөнхий сайдаас асуусан.
Хөрөнгө оруулагчдыг татах ажлыг Шинэчлэлийн Засгийн газар хийж байгаа, инфляцийг нэг оронтой тоонд барих бодлого хэвээр үргэлжилж байгаа гээд сэтгүүлчдийн асуултуудад Ерөнхий сайд дэлгэрэнгүй хариултуудыг өглөө.