Иргэд газар чөлөөлөхгүй байгаагаас дэд бүтцийн ажил саатав
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өчигдөр XIV, VII хорооллын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. БНХАУ- ын хөнгөлөлттэй зээлээр энэ хоёр хороололд 2592 айлын орон сууц барих юм. Энэ онд XIV хорооллын 430, VII хорооллын 720 айлын орон сууц, ирэх жил үлдсэн сууцыг ашиглалтад оруулах боломжтой гэнэ.
БХБЯ-ны ‘Улаанбаатар хотын XIV, VII, МҮОНРТ-ийн орчмын хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд VII хороолол, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн шугам тавих ажлыг гүйцэтгэж байгаа. Зарим иргэн, аж ахуйн нэгж нь газар чөлөөлөөгүйгээс инженерийн шугам, сүлжээ тавих ажил саатаж буйг төслийн багийнхан сайдад танилцуулав.
Тухайлбал, VII хороололд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын гаргасан зургийн дагуу өнгөрсөн сарын 21- нд 2.89 километр дулааны шугам татах ажил эхэлжээ. Шаардлагатай материалаа татаж, ажил үргэлжлэхэд бэлэн ч 59 нэгж талбарын газрыг чөлөөлөөгүйгээс уг ажил саатсан аж.
Шаардлагатай материалаа татаж, ажил үргэлжлэхэд бэлэн ч 59 нэгж талбарын газрыг чөлөөлөөгүйгээс уг ажил саатжээ.
“Иргэдийг найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулснаар орон сууцны эрэлт өссөн. Тиймээс орон сууцны нийлүүлэлтийг эрчимжүүлэх, орон сууц барьж байгаа компаниудад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна.
“Буянт Ухаа”, VII, XIV зэрэг шинээр барьж буй хороололд чанартай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны барилга барьж байгаа. Гэсэн ч цэвэр ус, бохирын шугам тавих ажил газар чөлөөлөхгүй байгаагаас нэлээд саатаж байна.
Тиймээс бид энэ хорооллын ажлыг урагшлуулахын тулд наадмаас өмнө Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзаж ярилцах шаардлагатай нь харагдлаа” гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлэв. Тэрбээр тус хорооллын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ирэх мягмар гаригт холбогдох хүмүүстэй нь хэлэлцэхээр болов.