2013.09.10

С.Бямбацогт: "Шинэ сум" төсөл цаг үеэ олсон ажил

Хөдөө орон нутаг ялангуяа алслагдсан сумд хөгжлөөс хоцрогдсон нь нийслэлийг зорих их нүүдлийг бий болгож эхэлсэн. Сум хөгжихгүй байгаагаас их, дээд сургууль төгссөн хүүхдүүд сургуулиа төгсөөд хотод үлддэг.

Тэгвэл сумдыг хөгжүүлэх зорилгоор энэ жилээс "Шинэ сум" төсөл хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжинд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан. сум хөтөлбөрт хамрагдсан. Өөрөөр хэлбэл, Канад технологиор сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барьж, дэд бүтцийг нь шийдэж өгөх юм.

Ингэснээр сумдад өмнө нь тулгардаг байсан халаалт дулааны асуудлаас ангижирч, нэгдсэн дэд бүтэцтэй болох аж. Цаашид аймаг бүрт "Шинэ сум" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлийг чиглэсэн их нүүдэл зогсохын зэрэгцээ орон нутаг ч хөгжих үндэс суурь болох юм.

Энэ төсөлд УИХ-ын гишүүн С.Бямбацогт ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-2010 онд УИХ-аар "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 5765 км хатуу хучилттай зам тавьж, 21 аймаг, Улаанбаатар хотыг хар замаар холбож, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм.

Үүний 75 мянган айлын орон сууцыг нийслэлд, үлдсэнийг нь орон нутагт барих төлөвлөгөө гарсан. Манай улс 330 гаруй сумтай. Үүнээс шинэчлэх шаардлагатай 96 сум бий. Эдгээр суманд "Шинэ сум" төсөл хэрэгжүүлэхээр болсон.

Иргэд маань амьдралын эрхээр аймгийн төв, нийслэлийг бараадаж байна.

Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд Баянхонгор аймгийн хоёр суманд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Цаг үеэ олсон, зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь энэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг эргэж харах цаг болсон.

Өөрөөр хэлбэл, бүс нутгийн хөгжлийн бодлого руу анхаарах хэрэгтэй. Монголчууд нийслэлдээ төвлөрч, сум суурин газарт амьдрах иргэд цөөрсөөр байгаа. Учир нь, тэнд ажлын байр алга. Иргэд маань амьдралын эрхээр аймгийн төв, нийслэлийг бараадаж байна. Тэгсэн хэр нь сумын төвүүд хоорондоо 20,30,50 км ойр байдаг.

Тиймээс 330 гаруй сумтай байх уу эсвэл тоог нь цөөрүүлэх үү гэдгээ эргэж харах ёстой. Ингэж байж хөрөнгө мөнгөө хуваарилах нь зүйтэй байх. Сумын төвийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийг бий болгоход бид зайлшгүй анхаарах ёстой.