Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Шинэ сумын төв" төслийн ажлын явцтай танилцлаа.
2013.09.02

Баянлиг, Бууцагаан сумын иргэд Канад технологиор хаус бариулахаар захиалж байна

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сааруулж, ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газраас "Шинэ сумын төв" төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Эхний ээлжинд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг шинэ сумын төвтэй болгохоор ажил эрчимтэй урагшилж байна.

Шинэ сумын төвд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёл, спортын төв, нутгийн удирдлагын байшин зэргийг цогцоор нь барьж байгуулна.

Уг төслийг хэрэгжүүлж буй Баянхонгор аймгийн Баянлиг суманд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг саатаж, ажлын явцтай танилцсан юм.

Түүнтэй хамт Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа болон бусад албаны хүмүүс очлоо.

Баянлиг сум 10 ортой эмнэлэг, 320 сурагчтай сургууль, 40 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 100 гаруй хүүхдийн дотуур байртай. Тэгвэл шинэ сумын төвтэй болсноор 24 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 180 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байртай болно.

Түүнчлэн шинэ сумын төвдөө хөлбөмбөгийн талбай байгуулж байна. Инженерийн шугам сүлжээ, хатуу хучилттай авто зам, ногоон байгууламж, дэд станц, бохир усыг 90-98 хувь цэвэршүүлэх байгууламжтай байх аж. Одоогоор эмнэлэг сургуулийн байрыг дуусгаад дотоод засал, сантехникийн ажлаа эхлүүлжээ.

"Улсын хөгжил сумаас, сумын хөгжил иргэдээс" гэсэн уриатайгаар "Шинэ сумын төв" төслийн анхны ажлыг "Их модун" ХХК гүйцэтгэж, туслан гүйцэтгэгчээр "ТТ&В" ХХК ажиллаж байна.

Н.Алтанхуяг: Энэ жилдээ гурван сумаа шинэ төвтэй болгоно.

Өнгөрсөн тавдугаар сард тендер зарлаж, гүйцэтгэгчээр шалгарсан тус компанийн барилгачид завгүй ажилтай байгаа гэнэ. Яагаад гэвэл энэ сарын 20-нд барилгын ажлаа дуусгахаар төлөвлөжээ.

Боомтоор барилгын материалаа оруулж ирэхэд Хятадын талаас нэг машин бүрээс 800 юанийн татвар авснаас болж, ачаа бараа арав гаруй хоногоор саатаж, ажлыг хойш чангааж байсан бэрхшээл тулгарсан талаар гүйцэтгэгч компанийнхан ярьж байсан юм.

Зураг төслийн дагуу захиалсан Канад барилгын материалуудыг Хятадад бэлтгээд манай улсад нийлүүлдэг аж. Хилийн боомтод ачаа бараа саатсанаас бусдаар ямар нэг саад тотгор гаралгүй ажиллаж байна гэв. Хэрэв Хятадад угсарч, бэлтгэж байгаа үйлдвэрийг Монголд оруулаад ирвэл хил дамжуулан зөөх зэрэг зардал маш их хэмнэх боломжтойг ч тэд хэллээ.

Баянлиг сумын төвийн бүтээн байгуулалтад нийт 300 гаруй хүн ажиллаж байгаагийн тал хувь нь орон нутгийн ажилчин аж. Төслийн ерөнхий хяналтыг Канадууд хийж байгаа учир чанарын хувьд маш сайн стандартаар ажлаа гүйцэтгэж байгаа гэнэ.

Тиймээс 70 жилийн баталгаа өгч байгаа гэж "Их модун" ХХК- ийн захирал Б.Цогтсэргэлэн хэлээд "Барилгын насжилт нь 100 жил. Сумын төвөө хэд хэдэн уурын зуухаар халаадаг байсан бол шинэ сумын төвд дэвшилтэт технологи ашиглан байгуулсан ганцхан уурын зуух байх юм.

Олон зууханд сум орон нутаг жилдээ 90 орчим сая төгрөгийн төсөв зарцуулдаг гэсэн. Харин шинэ төвийн уурын зуух энэ олон байшинг халаахаас гадна жилд 20 сая төгрөг л зарцуулах боломжтой. Баянлиг сумынхан 800 метрийн зайтай газраас 100 орчим метрийн гүний ус шинэ сумын төвдөө татаж ашиглана.

Улаанбаатар, аймаг, сумандаа ер нь хаана ч байсан монгол хүн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Нийтдээ найман га газарт шинэ сумын төвийг барьж байгуулж байна. Бүх барилгаа тойруулаад зам, тохижилт хийнэ. Галын аюулгүй байдлыг маш сайн анхаарч, хуванцар биш төмөр хоолой суурилуулж байна" гэж ярилаа.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй Канад технологийн байшин барьж буй 12 дахь улс нь Монгол болж байгаа гэнэ. Хэдхэн сарын хугацаанд шинэ сумын төв юу юугүй сүндэрлэх гэж байгааг харж буй учир иргэд төслийг гүйцэтгэгч компанийнхантай уулзаж, орон сууцны хаус бариулах захиалгаа ч өгөөд амжжээ.

Одоогийн байдлаар 23 өрх Канад хаус бариулах захиалгаа өгчээ. Бууцагаан суманд гэхэд 40 гаруй өрх хаус бариулах захиалга өгсөн байна. Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа "Манай сум ерөнхийдөө шилжилт хөдөлгөөн багатай. Одоо шинэ сумын төвтэй болохоор шилжилт хөдөлгөөн гарахгүй байх.

Төсөлд ажиллаж байгаа хүмүүсийн хоол, хүнсийг манай сум бүрэн хариуцаж, нийлүүлж байгаа. Шинэ сумын төвтэй болохоор одоогийн ашиглаж байгаа хуучин барилгуудыг иргэдэд орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэн, ашиглуулахаар төлөвлөж байна. Ямар ч байсан хуучин байшин, барилгаа бүгдийг нь ашиглана" гэлээ.

Барилгын ажил эрчимтэй явж байгаатай танилцаад, бүх байшинг үзсэний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүчин чадал нэмэгдэж байгаагийн хэрээр нэмэлт зардал үүснэ. Үүнийгээ иргэддээ, эцэг эхчүүдэд маш сайн ойлгуулж ажиллахыг сумын удирдлага анхааралдаа авах ёстой.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй Канад технологийн байшин барьж буй 12 дахь улс нь Монгол болж байна.

Сумын төвийг ингэж шинэчилж болох юм байна гэдгийг харуулах гэж байна. Бүгд бололцоогоо дайчлаад боломжоо нэгтгээд дайчлах юм бол нэлээн олон сумыг шинэ төвтэй болгож чадна. Монгол хүн Монголдоо сайхан амьдрах ёстой. Улаанбаатар, аймаг, сумандаа ер нь хаана ч байсан монгол хүн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Хүмүүсийн таатай амьдрах боломж нөхцөлийг нь Засгийн газар бүрдүүлээд өгье гэж байгаа юм. Нэг дор олон сумыг шинэ төвтэй болгож чадахгүй. Энэ жилдээ гурван сумаа шинэ төвтэй болгоно. Өвөрхангай аймгаас Засаг дарга нар ирж "Шинэ сумын төв" төслийг үзсэн гэсэн.

Тэгэхээр бүгдийг засаг хийж өг гэхгүйгээр орон нутгийн удирдлагууд өөрсдөө оролцож, төсөв мөнгөө бүрдүүлэхдээ ярилцаад шийдэж болно. Төсөл зөвхөн энэ жил ингээд дуусчихгүй. Цаашаа үргэлжилнэ" гэсэн юм.

Баянлиг сумын иргэд энэ төсөл хурдхан хэрэгжиж дуусахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байлаа. 3454 хүнтэй, аймгийн төвөөсөө 220 км, нийслэлээс 730 км-ийн зайтай орших Баянхонгор аймгийн Баянлиг сум удахгүй шинэ сумын төвтэй болох нь.