Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн эрхийг хамгаалахын төлөө хувийн хэвшлийнхэн нэгдэж байна
2015.06.11

Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн эрхийг хамгаалахын төлөө хувийн хэвшлийнхэн нэгдэж байна

Бүх зөв хандлага, шийдвэрүүдийг аль нэг улс төрийн хүчин болон “эх оронч” популистууд зогсоох, гацаах болон саад хийх оролдлого дахин дахин гарах болсонд бизнес эрхлэгчид, ажил олгогчид дургүйцэж өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн орчин үгүй болж аливаа бизнесийн шийдвэр бүрт улс төрчид оролцож, нэг ч эдийн засгийн шийдвэр улс төргүйгээр урагшаа явахгүй байх нөхцөл бүрэлдэж эхэллээ.

УИХ-ийн нэр бүхий гишүүд өөрсдийн улс төрийн нэр хүнд албан тушаал өсгөхдөө Оюутолгой, Тавантолгой төслийг ашиглах болсоор удлаа.

2012 оноос эхлэлтэй уул уурхайн салбарын уналт, зогсонги байдал нь өнөөдөр эдийн засгийн бүхий л салбарт шууд нөлөө үзүүлж дээрээс нь “эх оронч” тоглолтууд хамгийн их нэрмээс болж байна.

Оюутолгойн далд уурхайн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг олон улсын жишгийн дагуу хувьцаа эзэмшигч компаниуд болох Рио Тинто болон Эрдэнэс Монгол ХК-ийн удирдлагууд хамтран ажиллаж, харилцан баталсан нь саяхан.

Гэтэл УИХ-н зарим гишүүд Оюутолгойн төлөвлөгөөг УИХ-аар дахин хэлэлцэнэ, Эрдэнэс Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг УИХ хянана, сүүлийн үед Эрдэнэс Таван толгойн гэрээ “ашиггүй” гэрээг буцаана, гэрээ байгуулахгүй гэх зэргээр мэдэгдэж, улс төрийн тоглолтууд хийж эхэллээ.

Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн эрхийг хамгаалахын төлөө хувийн хэвшлийнхэн нэгдэж Оюутолгой төслийг дахин оролдохгүй байх, Эрдэнэс Тавантолгойн төслийн гэрээ хэлэлцээрийг улс төржүүлэхгүйгээр, улс төрчдийн оролцоогүйгээр бизнесийн гэрээ хэлэлцээрийн олон улсын жишгийг дагаж, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрээр дагнасан гадаад дотоодын зөвлөхүүд, хуульчдыг хөлслөн авч олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд харилцан ашигтайгаар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсч байна.

Улс төрчид ямар нэгэн шалтаг гарган гэрээ хэлэлцээрийг шууд зогсоох эсвэл дахин тендер зарлах байдлаар асуудлыг шийдвэрлэнэ гэнэ. Хууль зөрчсөн байгаа бол хуульч хөлсөлж аваад хууль зөрчсөн заалтуудыг хуульд нийцүүлэн өөрчилж хэлэлцээрийг үргэлжлүүлж болдоггүй юм уу?

УИХ-н зарим гишүүд асуудалд бодитой хандахыг, Монгол улсын нэрийн хуудас болсон төслүүдээр улс төр хийхээ зогсоохыг, бизнесийн, эдийн засгийн эрх чөлөө олгохыг хатуу сануулж байна.

Арайхийж сэргээсэн гадаад дотоодын зах зээл, хөрөнгө оруулалтын эерэг уур амьсгалыг хамгаалах нь хамгийн эх оронч ажил гэж ажил олгогч-бизнес эрхлэгчид бид бүгд дуугаа нэгтгэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧЛЫН ЭЗДИЙН НЭЭГДСЭН ХОЛБОО
ХӨДӨӨГИЙН БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБОО
АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ ХҮРЭЭЛЭН
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ