2025.06.13

О.Саранчулуун: Сургууль, цэцэрлэг рүүгээ явах зам, тэр радиусын аюулгүй байдлын тооцооллыг энэ хуульд тусгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.06.13/-ны өдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн Шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асуулаа.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дотор хүртээмж, саадгүй байдлын талаар ямар зохицуулалтуудыг оруулсан бэ?

Хүртээмж, саадгүй байдлыг энэ хуулийн хүрээнд юу гэж ойлгосон бэ? Томьёолол байна уу?

Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хариуллаа.

О.Саранчулуун гишүүнээ, би энэ хуулийг зөвхөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр л боловсруулсан. Хамгийн хүнд нөхцөлд байгаа, би орон нутагт ажиллаж байсан хүний хувьд бидэнд хамгийн их тохиолддог бэрхшээл юу вэ гэхээр сургууль цэцэрлэггүй хотхон, хороолол баригдчихдаг. Очихоор ерөнхий архитектур гэдэг хүний зөвшөөрөлтэй байдаг. Энэ хууль батлагдвал хуулиа барьж очоод шаардаж болох юм. Хуулин дээр чинь сургуультай байна гэсэн шүү дээ. Сургууль чинь хаана байна гээд шаардаж болдог болох эрх бидэнд үүсэх юм. Хууль батлагдсанаас хойш сургуульгүй 10 мянга, 5 мянган хүнтэй хороолол, хотхон барьж болохгүй болно.

Хариултад үндэслэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун саналаа хэллээ.

1. 12.6.4-т 250 өрх тутамд 1-ээс доошгүй цэцэрлэг, 1000 хүртэлх өрх тутамд 1-ээс доошгүй төрийн өмчийн сургуулийг төлөвлөж тооцох, саадгүй байдал, хүртээмжийг тооцох гэж оруулбал илүү бодитой болно.

2. Хүүхдүүд сургууль, цэцэрлэг дотроосоо гэхээс илүү сургууль цэцэрлэг рүүгээ явж байхдаа гэмтдэг. Тэгэхээр сургууль, цэцэрлэг явах зам, тэр радиусын аюулгүй байдлыг тооцсон тооцооллыг оруулах хэрэгтэй.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн