МАА-н салбарын хуулийг зөрчсөн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд нэмж тусгана
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2023.06.19) Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг зөрчсөн зарим үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүйгээс уг үйлдэлд хариуцлага тооцох боломжгүй байна. Тухайлбал, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхдээ бүртгэлд хамруулахтай холбоотой үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөнөөс мал, амьтны олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчин тархах, үүнээс шалтгаалан төлөвлөгдөөгүй их хэмжээний зардал гаргахад хүргэсээр байна.
Мөн Зөвшөөрлийн тухай хуульд малыг гадаадад гаргахад төрөл, зүйл тус бүрд нэг удаагийн зөвшөөрлийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгохоор заасан байхад зөвшөөрөл авалгүйгээр малыг гадаадад гаргах тохиолдол гарсаар байна. Иймд эдгээр асуудлыг тусган Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “мал үржлийн хяналтын улсын байцаагч” гэснийг Малын генетик нөөцийн тухай хуульд нийцүүлэн “мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч” гэж өөрчлөх, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мал үржүүлэг, технологийн хяналтын улсын байцаагч болон мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн харьяалан шийдэх зөрчлийг нэмэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусган боловсруулжээ.
Мал аж ахуйн салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгаснаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих боломж бүрдэх юм. Түүнчлэн мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэхээс гадна төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна