Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
2022.04.19

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.04.14/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас 2017 баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1058 хэсэг, 908 заалттай бөгөөд тус хуулийн тусгай ангид нийт 2300 орчим үйлдлийг зөрчилд тооцож, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зохицуулалттай байна.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 7.334.349 зөрчилд шийтгэл оногдуулжээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтаар нь үзвэл 6.696.529 буюу 93.0 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 257.071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 30.406 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах, 2.681 буюу 0.03 хувь нь тамхины хяналтын тухай хууль зөрчих, 280.907 буюу 3.8 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байна.

Ийнхүү цагдаагийн байгууллагын шалган шийдвэрлэж байгаа зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байгаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчих зөрчлийн шийтгэлийг оновчтой тогтоох, бусад оронд хэрэгжиж байгаа эрх зүйн оновчтой зохицуулалтыг судалж хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хувилбараар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллээр хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт сүүлийн 3 жилийн дунджаар 81 хувь байгаа боловч, мөнгөн дүнгийн биелэлт 45 хувь байна. Торгох шийтгэлийн үр нөлөө, биелэлт хангалтгүй, шийтгэлийн шинэ арга механизм, оновчтой хувилбарыг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дээрх тоон үзүүлэлт харуулж байна.

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэгтэй 267 зүйл, 1182 хэсэг, 429 заалттай .

  • Нэгдүгээр бүлэг буюу нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилго, зарчим, хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг
  • Хоёрдугаар бүлэгт зөрчил, зөрчил хамтран үйлдэх, зөрчил үйлдсэн хугацаа, газрын талаар
  • Гуравдугаар бүлэгт шийтгэл оногдуулах үндэслэл, шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд, шийтгэлийн төрөл, шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл, шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл, зөрчлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах зохицуулалтын талаар
  • Дөрөвдүгээр бүлэгт албадлагын арга хэмжээний талаар буюу хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх болон албан сургалтын талаар
  • Тавдугаар бүлэгт нийтийн хэв журам, ёс суртахуун, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зөрчлийн талаар
  • Зургаадугаар бүлэгт хүн амын эрүүл мэнд, хүнс, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчлийн талаар
  • Долоодугаар бүлэгт нийтийн зориулалттай өмч, хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчил
  • Наймдугаар бүлэгт боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил
  •  Есдүгээр бүлэгт хэрэглэгч, аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил
  • Аравдугаар бүлэгт үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчлийг
  • Арван нэгдүгээр бүлэгт барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчлийг
  • Арван хоёрдугаар бүлэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчлийг
  • Арван гуравдугаар бүлэгт мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг зөрчлийг
  • Арван дөрөвдүгээр бүлэгт тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчлийг
  •  Арван тавдугаар бүлэгт төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчлийг
  • Арван зургадугаар бүлэгт улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчлийг тус тус тусгаж шинэчлэн найруулжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn