УИХ дахь АН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаa
2017.04.18

УИХ дахь АН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаa

Байнгын хорооны дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд буй Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс 5 өдрийн завсарлага авч буйг тэрбээр мэдэгдлээ.

Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих байсан. Харин Засгийн газар хуулийг буцаан татаж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн болохыг тэрбээр мэдэгдэлдээ дурдав.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлэх, хүний эрхийг дордуулсан байж болзошгүй заалтууд тусгагдсан хэмээн үзсэн тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг судлан, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулжээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн завсарлага авч байгаа гэлээ.