2022.05.05
Б.Баярсайхан: Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд байлгадагаа Монголын эцэг, эхчүүд мэдэхгүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хүний эрхийн талаасаа ч олон улсын жишгээр ч аливаа зөрчлийг нийгмийн хор аюулаас нь шалтгаалж эхний удаа сануулах шийтгэл оногдуулж байгаад, зарим зөрчилд торгох шийтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай байхаар тусгасан нь болон ард иргэдээ бодсон хүнлэг зохицуулалтууд орж ирж байгаад баяртай байна.
Гэхдээ 5.5 болон 5.6 гэх мэт заалтуудыг сануулах санкцид оруулж болохгүй гэсэн байрь суурьтай байна. Өнөөдөр Монголын нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, гэртээ гэмтэж бэртэж, хүчирхийлүүлж, нас барж байгаа хүүхдүүдийн тоо 35.000-д хүрсэн. Гэр бүл салалтад эцэг, эхчүүд хариуцлага хүлээхгүй байна. Мөн хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд байлгадагаа Монголын эцэг, эхчүүд мэдэхгүй байна. Хөгжингүй оронд бол энэ тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь хасдаг хуультай. Гэтэл манай оронд энэ асуудал үнэхээр орхигдож байна.
Хөдөлмөрийн тухай хуульд орсон зүйл, заалтын дагуу бүх салбар хүүхэд хамгааллын бодлоготой байхаар орж ирж байгаа. Гэтэл үүнтэй зөрчилдөхөөр ийм хөнгөрүүлсэн санкци хүүхдийн эрхий асуудалд огт байж болохгүй гэдгийг онцгойлон хэлье.
Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах хууль маш чухал байгаа. Миний бие цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. Цахим орчин хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг бусад улс орнууд цаг үеийнхээ хөгжлийг дагаад бие даасан хууль болгож оруулж ирсэн байдаг.
5.9 дүгээр заалт дээр мөрийтэй тоглоом тоглох тухай орж ирсэн байна. Сүүлийн үед цахим орчинд онлайнаар мөрийтэй тоглох, бооцоо тавих гэдэг асуудал маш хурдтай дэлгэрч байна. энэ хил хязгааргүй мөрийтэй тоглоом тоглогчдын хамгийн том хохирогч нь хөгжиж буй болон ядуу буурай орнууд гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа. Мөн онлайнаар мөрийтэй тоглоом тоглох нь хүний төрөлх чанарт суурилсан нэгэн төрлийн дон, сэтгэцийн өвчинд хүргэж байна гэдгийг ДЭМБ онцгой анхааруулж байна. Статистикаас үзэхэд мөрийтэй тоглоом тоглогчдын тоо жил ирэх тусам өссөөр байна. Сүүлийн үед энэ асуудлаас болж хэд хэдэн залуучууд амиа хорлосон хэрэг гарсан. Энэ мөрийтэй тоглоом, амиа хорлолтын цаана хүүхэд өнчрөх, гэр бүл хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг асуудлууд байдаг. Тэгэхээр цахимаар мөрийтэй тоглоход цаашид ямар бодлого барьж ажиллах вэ? Цахимаар мөрийтэй тоглоход хариуцлага тогтоох, хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж манай улсын хэмжээнд ямар байгаа вэ?
Түүний асуултад Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.