Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийн хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих, Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан байгааг онцолсон.
Түүнчлэн шийтгэлийн төрлийг нэмэгдүүлж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгохоор тусгалаа. Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгалаа. Ийнхүү торгохоос өмнө сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд учирдаг хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ гэж байлаа.
Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байна. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад шийтгэлийн шинэ төрөл, уян хатан механизмыг бий болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна хэмээн Х.Нямбаатар сайд онцлов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn