2022.04.05

Б.Энхбаяр: Зөрчлийн тухай хууль нь нийгэмд дэг журам тогтоох зорилготой учир удаан хугацаанд мөрдөгдөж байж дадал болно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Энэ хууль шинэ хууль биш 30 жил мөрдөгдөж байгаа. 1990-ээд оноос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль байсан. зөрчлийн хууль энэ хариуцлагуудыг нэгтгээд 2015 онд батлаад 2017 онд буцаасныг дахиж батлаад явж байгаа ийм хууль.Хууль санаачлагчид болон зарим гишүү Зөрчлийн хууль гэж аймаар хууль байдаг гэсэн ойлголтыг нийгэмд өгчихсөн. Гэтэл энэ хуулиар нийгмийн дэг журмыг тогтоох гэсэн хууль.хэрвээ бид дэг журамгүй, сахилга батгүй амьдрая гэвэл болж байна,хүчингүй болгоё. Тэгвэл цагийн дараа нийслэл нам зогсоно, бүгд дүрэмгүй зорчвол. Согтуу, улаан гэрлээр дайраад л явна. Миний хувьд нийгэмд дэг журам хэрэгтэй, сахилгагүй хүнд хазаар хэрэгтэй гэж боддог.

Зөрчлийн хуулийг гол эсэргүүцэж байгаа хүмүүс бол сахилгагүй жолооч нар байдаг. Энэ дэг журам тогтоох хууль тогтвортой хэрэгжиж байж, дадал болж хэвшдэг. Бид нар хотжоод удаагүй улс. Манай улсад хот, хөдөөгийн ялгаа маш их байна. Бичиг баримтгүй хүмүүсийг сануулъя гээд байна, уг нь торгох ёстой. Гэхдээ энэ нэмэлт өөрчлөлтөд талархах зүйл бий. Жишээ нь явган хүний зорчих хэсэг дээр, зам гаргаагүй, барилгын гадна талын зорчих хэсгийг өвлийн нөхцөлд халтирч, гулгах материалаар хийсэн бол гэсэн зөрчлийг оруулж ирэх юм байна. Үүнийг дэмжиж байна, муу материалаар гаднах зүйлийг хийдэг, иргэд унаж бэртдэг. Харин энэ зөрчлийг яаж хэрэгжүүлэх вэ, баригдсан байгаа зүйлийг яаж засах вэ?  

Түүний асуултад хууль санаачлагчид хариулт өглөө. 

Б.Энхбаяр: Зөрчлийн тухай хуульд сануулах арга хэмжээ авах заалт оруулахыг эргэж харах нь зүйтэй

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn