2019.05.22

Н.Учрал: Улсын бүртгэлийн ерөнхий газрын серверийг шинэчлэх өргөжүүлэх шаардлагатай

Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Гишүүд асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал :

Цахим мэдээлллийн сан байгуулна гээд нилээн томоохон зорилтууд дэвшигдээд явж байна. Үнэхээр энэ санг байгуулаад өөрсдөө архивлаад явуулахад хамгийн гол ачааг нуруун дээр үүрч яваа улсын бүртгэлийн ерөнхий газрын серверийг шинэчлэхгүй бол амжилтанд хүрэхгүй ээ.

Монгол улсын бүх бүртгэлийг хадгалж байгаа, аюулгүй байдалтай холбоотой ганц байгууллагынхаа энэ чадамж дээр анхаарахгүй бол бид нар 10 сарын нэгэнд цахим шилжилт хийх боломжгүй шүү. Энэ дээр юу хийж байгаа вэ? Улсын бүртгэлийн газарт цахим үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал ямар байна вэ?