Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 12 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Гадаад харилцааны сайд гадаадад томилолтоор ажиллаж байгаа учраас хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулж, салбарын сайдыг байлцуулж хэлэлцэх нь зүйтэй байна гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн.
Тухайлбал, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, цагдаагийн байгууллагын мэдээ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттайгаар төгөлдөржүүлж; үндэсний стандартыг шинээр боловсруулж, орон нутгийн стандартын байгууллагын чадавхыг бэхжүүлэх; хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьжээ.
Мөн үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйг сайд танилцуулгадаа дурдлаа.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл хэлэлцэж байгаа тул Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон удирдлагууд, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцов.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, О.Содбилэг нар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, ялангуяа зэвсэгт хүчин, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, газар хөдлөлт, гал түймэр, үер усны аюул зэрэг гамшгаас нийгэм, иргэдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилт, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн тусгасан, энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар үндсэн чиглэлийн зорилтод туссан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацааны тогтовортой өсөлтийн суурийг хангах, гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 6 саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Иймээс тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.