Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслөөр завсарлага авлаа
2019.05.23

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслөөр завсарлага авлаа

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23)  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүллээ.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээний хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, нөөцийн махны хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх, хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогцолбор төв барих, уул уурхай хүнд үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах, дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, экологийн онцгой ач холбогдолтой, улсын тусгай хамгаалалтад авах 215 газрыг бүсчлэн тогтоох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх чиглэлээр судалгаа хийх, “Үйлдвэржилт 20:100” үндэсний хөтөлбөр, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэх зэрэг саналуудыг УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад оруулах санал ирүүлээд байгаа аж. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос соёлын баримтат өвийг хамгаалах музей, түүх, соёлын өвийн сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх, ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, Бурхан халдун уулын соёлын өвийн менежментийн захиргаа байгуулах, эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах зэрэг арга хэмжээг төсөлд нэмж тусгахаар холбогдох саналын томъёоллуудыг бэлтгэн ирүүлсэн байна.

Төсвийн, Төрийн байгуулалтын, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус бүртээ хэлэлцэн санал, дүгнэлтээ ирүүлсэн болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. 

Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан нийт 9 саналын 7-г нь дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон гэлээ.

Гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дуусан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад ихэнх санал унав. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд 13.00 цаг болсон тул түр хойшлуулаад байсан юм. Харин үдээс хойш буюу 15.00 цагт эхэлсэн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн болон бусад байнгын хороодоос ирүүлсэн  зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үед УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын нэг өдрийн завсарлага авснаар хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэх болов.