Г.Баярсайхан: Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр гэрээгээ урж хаях ёстой
УИХ-ын гиш үүн Г.Баярсайхан
2014.10.24

Г.Баярсайхан: Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр гэрээгээ урж хаях ёстой

УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас дараахь тодруулгыг авлаа. Тэрээр Ерөнхий сайдыг огцруулахаар М.Зоригт нарын гишүүнтэй нэгдээд байгаа юм.

- АН-ын дотоодод хагарал үүсээд байх шиг. Та ч Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан байна?

-Ойрын өдрүүдэд АН, МАХН-ын хувьсгалт намын гэрээний тухай их шуугилаа. Миний ойлгож байгаагаар МАХН-тай манайх 2012 онд сонгуулийн үр дүнгээр гэрээгээ хийсэн. Тэр гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр. Ийм атал намын дарга өнөөдрийн  улс төрийн нөхцөлд тохируулан АН-ын эрх ашигт нийцэхгүй гэрээг дахин байгуулж байгааг би болоод намын бусад гишүүн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад шүүмжлэлтэй хандаж байна гэхээр ардчилал, шударга ёсыг үнэт зүйлээ болгосон нь АН.  

Харин МАХН-тай буюу гуравдагч этгээдийн эн хэмжээнд АН хэмээх том айлыг аваачиж байгаа нь зүйд нийцэхгүй. МоАХ, Шонхор фракц гээд нам дахь олон бүлэглэл байр сууриа илэрхийлсэн. Энэ бүхний дараа Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр зэрэгцэж зогсоод мэдэгдэл хийлээ. Энэ бол хангалтгүй үйлдэл. Тэр хоёр хамт гарч ирээд гэрээгээ урж хаях ёстой байсан. “Гэрээ одоо байхгүй боллоо” гэж ийм

үйлдлээр мэдэгдэх ёстой байсан юм. Тэгэхээр дур зоргоороо авирласан намын даргад тооцох хариуцлагыг намынхаа дотоодод ярих хэрэгтэй гэж үзэж байна. Харин Ерөнхий сайдыг огцруулах эсэх нь тусдаа асуудал. Би өөрийнхөө итгэл үнэмшлээрээ намын даргад хариуцлага тооц гэж гарын үсэг зурчихаад байгаа.

-Гэрээний хавсралт гэж яригдаад байна?

-Бид юу боллоо гэж тойргоо МАХН-тай хуваалцах билээ. Хэн нь ч ийм үйлдлийг хүлээж авахгүй. Ийм асуудалд нь манай намынхан эгдүүцэж байгаа.

-Тэгэхээр гэрээ үзэглэс- нийхээ төлөө Н.Алтанхуяг сайд албан тушаалаа өгөх ёстой гэсэн үг үү?

-Эдийн засгийн хүндрэл, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг тусад нь ярих хэрэгтэй. Намын асуудлыг бас салгаж ярих шаардлага байна. Өнөөдөр АН-аас нэр л үлдлээ. Бид намаа шинээр бий болгох хэрэгтэй болчихлоо. ҮЗХ- гоо яаралтай хуралдуулж цаашлаад Их хурлаа ч хийх ёстой. Сүүлийн хэдэн жил Н.Алтанхуяг дарга маань хэмжээлшгүй эрхт хаан шиг аяглалаа.

Ийм үйлдэл байж болохгүй. Бидэнд гэр доторх асуудлаа цэгцлэх зайлшгүй шаардлага байна. Тэрчлэн энэ Засгийн газрын томилгоог хийхдээ фракциудын нөлөөлөл, гар хөл орсон учраас ямарч хариуцлагагүй болсон. Ойр тойрных нь олон хүн хээл хахуульд орооцолдож, мөнгө идсэн хэрэгт холбогдлоо. Ерөнхий сайд өөрийн засгийн албатууддаа хариуцлага ярьж чадахгүй байна.

-Н.Алтанхуяг сайдад хариуцлага үүрүүлж Засгийн газрыг огцруулбал АН-ын нэр хүнд сэргэх биш улам муудах юм биш үү?

-Монгол төрийн бодлого тууштай, тогтвортой явах ёстой. МАН-ыг би дайсан гэж бус өрсөлдөгч гэж хардаг. МАН-ынхан байнга шударга тоголдоггүй. Тэд булхай хийж аль болох АН дотор яс хаядаг. Тэдний тавьсан өгөөшинд Засгийн газраа түлхээд унагачихмааргүй байгаа учраас асуудлаа нам дотроо ярих хэрэгтэй гээд байгаа юм.