Р.Бурмаа: Намын даргад ийм эрх байхгүй
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.10.23

Р.Бурмаа: Намын даргад ийм эрх байхгүй

АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргад гэрээгээ эргэж харах хүсэлт тавьж дээрх мэдэгдлийг хийх болсон нь намын гишүүдийнх нь байр суурьтай холбоотой бололтой. Ингээд УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас дараах тодруулгыг авлаа.

-МАХН-тай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулах шаардлагатай байсан гэж үзэж байгаа юу?

2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бусад намтай хамтрахаас өөр аргагүй байсан. АН дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авч чадаагүй. Тиймээс 2012-2016 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулах эрхийг ҮЗХ-ноос өгсөн.

Түүнээс биш 2024 он хүртлэх сонгуулиудад эвсэл болох, эвсэл болоогүй тохиолдолд тойргоо тохиролцоно гэсэн шийдвэрийг ҮЗХ ч гаргаагүй, Гүйцэтгэх зөвлөл ч гаргаагүй. Тиймээс үүнийг АН-ын дарга Н.Алтанхуяг дангаараа шийджээ гэж харж байна. УИХ-ын гишүүд бид мэдээгүй, бүлэг дээр ч үүнийг танилцуулаагүй.

-Гэрээнд 2016 оны сонгуулийн тухай дурдсан байсан. Одоо сонгуулийн тухай ярих цаг мөн үү?

2024 хүртлэх сонгуульд яаж оролцсон тухай гэрээ хийх цаг үе нь биш. Тойргийг хоорондоо тохиролцоно. Харилцан дэмжинэ гэдгийг шийдэх эрх намын даргад байхгүй дээрээс нь намын даргын сонгуульт хугацаа нь өнгөрчихсөн явж байгаа хүн шүү дээ Манай намын дүрмээр дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Их хурлаараа сонгогддог.

Гэтэл ҮЗХ-оор сонгогдчихоод Их хурлаараа баталгаажуулаагүй л яваад байгаа. Ийм хүн АН-ыг төлөөлөөд 202 хүртэл өөр намтай хамтарч ажиллах гэрээ хийж, тухайн гэрээгээ нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэж байгуулсан нь намын дүрэм болоод хууль бус үйлдэл.

Аль өнгөрсөн тавдугаар сард гүйцэтгэх зөвлөг МАХН-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гээд шалтаглаад байна л даа. Гүйцэтгэх зөвлөлд ийм шийдвэр гаргах эрх байхгүй Тэгээд ч одоогийн гэрээний заалтыг харахгүйгээр таван сарын өмнө зөвшөөрнө ч гэж байхгүй. Аливаа зүйл хууль дүрмийн дагуу явах ёстой.

Үндсэн хуулийн 16.1-д "Улс төрийн нам нь нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж хуулийг дээдлэн биелүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл намын дарга нь намынхаа нэрийн өмнөөс  Үндсэн хууль зөрсөн үйлдэл хийж болохгүй л дээ.