2014.10.22

Э.Бат-Үүл: Намаа авармаар л байгаа бол Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дараарай

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд төсвийн асуудлаарх хэлэлцүүлэгт суусны дараагаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл сэтгүүлчдэд өөрийн байр сууриа дахин бататгав. 

Тэрбээр "АН-ын дүрмээр Н.Алтанхуягийн хийсэн гэрээг Үндэсний зөвлөлдөх хороогоор батална гэж заасан байдаг. Тойргоосоо тодорхой тоог нь өгөх юм уу, тэр тойрогт нь намын байгууллагууд ажиллах юм уу, үгүй юу гэдэг чинь намын үндсэн асуудал биз дээ. Үүнийгээ зөвлөлдөх хороогоор яриад хороо дэмжсэн бол үзэглэхэд бэлддэг. Үзэглээд ирэхээр ҮЗХ баталдаг. Ийм дамжлагатай юм.

Хамгийн гол нь тэр гэрээг харсан бол талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж байсан. Одоо Иргэний хуулиар шууд хүчин төгөлдөр гэрээ. Тэгэхээр би шүүхэд заргалдахаас өөр арга байхгүй" гэлээ. 

Харин түүнээс сэтгүүлч нар сөрөг хүчнээс УИХ-д өргөн бариад байгаа Ерөнхий сайдыг огцруулах саналд ямар байр суурьтай байгааг тодруулахад "Би сөрөг хүчний огцруулах үндэслэлүүдийг хүлээж аваагүй. Би өөрийн намын УИХ-ын гишүүдэд хандаж юу хэлсэн бэ гэхээр хэрвээ намаа авармаар л байгаа бол Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр кнопоо дараарай гэж хэлж байгаа" гэсэн юм. 

Мөн Н.Алтанхуягийг намын дүрмээ зөрчсөн учраас АН-ын даргаас чөлөөлөх ёстой гэж Э.Бат-Үүл үзэж байна. 

МАН, АН, "Шударга ёс" эвслийн 28 гишүүний УИХ-д өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. 

Тэгэхээр энэ асуудалд УИХ дахь АН-ын гишүүд ямар шийдвэр гаргахыг маргаашийн Байнгын хорооны хурлаас харах боломжтой.