УИХ-ын гишүүн О.Баасанхүү, дэд дарга С.Ганбаатар нар
2017.12.11

О.Баасанхүү: МАХН-ын тугийг цааш нь авч явахад айх юм алга

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулж буй МАХН-ын Их чуулган Төрийн ордонд боллоо.

Их чуулган  "Таван үйлдвэр, таван хувьсгал" уриан дор явагдаж буй юм.Хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүний урилгаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар оролцож байгаа гэх мэдээлэл байна.

Их чуулганд оролцох урилгыг МАХН-ын дарга Н.Энхбаярт хүргүүлсэн ч ирээгүй  гэх мэдээллийг өгч байна.

Өнөөдрийн МАХН-ын Их чуулганы хөтөлбөрт тусгагдсанаар намын даргад нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаа ч явагдахаар буй. Энэ дагуу дөнгөж сая төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Н.Энхбаярыг намын даргаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна.

Бидэнд ирж буй мэдээллээр, Их чуулганы зарим төлөөлөгчдийг Төрийн ордон руу нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэж, хуралдаан жигдрэхгүй байгаа аж. Харин МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын хувьд намын гишүүддээ нөхцөл байдлыг ойлгуулахаар Төрийн ордон руу нэвтэрсэн гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү"МАХН-ын Их хурал болох ёстой гэдэг дээр намын гишүүд бүгд санал нэгдсэн. Энэ утгаараа бид өнөөдөр намын Их хурлаа хийж байна.  Их хурал хийхийг  эсэргүүцэж намын төлөөлөгчдийн дотогш оруулахгүй байлгах, намын байрандаа хорих, байрлаж байгаа зочид буудалд нь очиж архи дарс өгөх зэрэг бусармаг үйлдлүүд их гарч байна. Намын 1000 гаруй гишүүд нь ирэхээр  Н.Энхбаяр дарга сандарч Их хуралдаа ирсэнгүй. Уг нь урилга өгсөн.  Их хуралд  800 төлөөлөгчид оролцохоос үүнээс 50 хувь нь дотор байна. Иймээс намын Их хурал хүчин төгөлдөр болж байгаа юм” гэсэн тодруулга өгөөд байна.

-МАХН-ЫНХАН ТӨРИЙН ОРДНЫ ГАДАА ҮЙМЭЭН ҮҮСГЭЭД БАЙНА-

МАХН өнгөрсөн сард хоёр тусдаа Бага чуулганаа хуралдуулсан. Улмаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд МАХН-ын Их чуулган зохион байгуулж буй юм. Харин МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъян Их чуулганаа ирэх оны хоёрдугаар сарын 09-ний өдөр хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАХН-ын З.Баянсэлэнгэ тэргүүтэй гишүүд Төрийн ордонд болж буй Их хурал руу орох гэсэн боловч нэвтрүүлээгүй байна. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өөрийн нүүр хуудсаараа дамжуулан Төрийн ордны гаднаас хийсэн лайв бичлэгийнхээ үеэр “О.Баасанхүү биднийг урьсан гэж хэвлэлд яриа өгсөн байна лээ. Үнэндээ урилга ирээгүй. Гэхдээ  манай намын үйл ажиллагаа юм бол бид орох хүсэлтэй байна. Энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар оролцоогүй. Манай намын гишүүн эсэх нь мэдэгдэхгүй танихгүй хүмүүс Төрийн ордон руу нэвтрээд байгаа мөртлөө биднийг оруулахгүй байна” гэж тодотгосон юм.

Улмаар МАХН-ын гишүүд Төрийн ордны гадаа үймээн үүсгэж, Цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байгааг оролцогчид онцлов. МАХН-ын гишүүн Б.Жагар “О.Баасанхүү баахан Христэд итгэгчдийг Төрийн ордонд цуглуулчихсан байна” гэв. Өнөөдрийн МАХН-ын Их чуулганы хөтөлбөрт тусгагдсанаар “Монгол Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, МАХН-ын шинэчлэл цаашдын зорилт”  улс төрийн илтгэл сонсож, “МАХН-ын намын дүрмийн өөрчлөлтийн төсөл “ танилцуулга хийгдэх аж.

Мөн өнөөдөр МАХН-ын даргад нэр дэвшүүлэх, сонгох  ажиллагаа ч явагдахаар хөтөлбөрт тусчээ. Үүнийг МАХН-ын удирдлагуудын зүгээс буруутгаж байгаа бол О.Баасанхүү гишүүн “Нам шинэчлэгдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.