Ж.Энхбаяр: Бойкот биш хариуцлага нэхэж байгаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.10.16

Ж.Энхбаяр: Бойкот биш хариуцлага нэхэж байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Засгийн газрын сайд нарыг томилох асуудлаар тав хоногийн хугацаатай завсарлага авлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.  

 -МАН-ын бүлэг сайд нарыг томилох асуудлаар завсарлага авлаа. Ямар шалтгаанаар завсарлага авах болов?

 -Асуудлыг оруулж ирсэн үндэслэл өөрөө их зөрчилтэй. 16 сайд гайхалтай сайн ажилласан, Монгол Улсын түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт хийсэн гэж байгаа. Нөгөө талдаа нийгэм дэх шүүмжлэл байна. Улам цомхон, уян хатан, шуурхай ажиллах, эдийн засгийн нөхцөл байдал муудсан тул цөөн орон тоотой ажиллах шаардлага байна гээд, хоорондоо зөрчилтэй зүйл ярьж байгаа.

Сая Ерөнхий сайд бас тайлбарлаж байна. Манай сайд нар гайхалтай сайн ажилласан гэж. Гэтэл аливаа улстөрчийг ажлын хариуцлага алдсан тохиолдолд чөлөөлдөг. Үнэхээр ажлаа сайн хийж байгаа бол энэ хүн үргэлжлүүлээд ажиллах ёстой. Тэгэхээр жишээ нь Гадаад хэргийн сайдыг огцруулж байна уу, өөрчилж байна уу.

Авлига гэдэг зөвхөн мөнгө өгч, авах тухай асуудал биш

Эсвэл Ерөнхий сайдын хэлдгээр сайн ажилласных нь төлөө өөрчилж байна уу. Үнэхээр сайн ажилласан байж болно. Тэгээд өөрчилсөн байж болно. Тэгвэл энэ улс төрд арилжаа наймаа, панз тэр хэмжээгээр цэцэглэжээ гэсэн үг. Монголын төрд байж болохгүй жишгийг тогтоож байна. Үндсэндээ Монголын төр авлигажчихлаа. Авлига гэдэг зөвхөн мөнгө өгч, авах тухай асуудал биш. Албан тушаал, наймаа, тохироо, панзыг ч бас авлига гэж ойлгох ёстой. Тэгэхээр Монголын төр өөрөө авлигажиж байна шүү дээ.

 -Яг шалтгаан нь юу байна вэ. Эрх баригч намын зүгээс та бүхний энэ үйлдлийг бойкот гэж тайлбарлах юм биш үү?

 -Бойкот биш хариуцлага. Оруулж ирвэл багцаар нь оруулж ирэх ёстой. Гэтэл тэгэхгүйгээр ерөөсөө л наймаа яваад байна. Наймаагаа тохирлоо, оруулж ирлээ. Тохироогүй болохоор цаашаа байж бай гээд л. Ингэж болохгүй. Монголын төрийг эзэнгүйдүүлж болохгүй. Бүтэц орлоо, бүрэлдэхүүн, сайд нарын асуудал давхар орж ирж байх ёстой.

Сайд нар чөлөөлөгдлөө, томилогдох хүмүүс бэлэн байх ёстой. Гэтэл өнөөдөр анзаарч байгаа бол нэг хэсэг нь ордог, нөгөө хэсэг нь ордоггүй. Тэгээд энэ ордноор дүүрэн Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн хор явж байна. Хуйвалдаан, арилжаа наймаа, хар захын панзны шинжтэй болчихлоо. Ингэж болохгүй. Хариуцлага тооцох ёстой.

 -Яг ямар хариуцлага вэ. Тодруулбал, Ерөнхий сайдтай хариуцлага ярих гэж байна уу?

 -Өөр арга алга. Монголын эдийн засгийг унагалаа, самарлаа. Дээрээс нь Монголын төрт ёсыг самарлаа. Н.Алтанхуяг гэдэг нөхрийг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. Энэ асуудлыг намын бүлэг дээр хэлэлцэж, яаралтай УИХ-д өргөн мэдүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж, Монголын төр бага боловч цэвэршиж, буруу жишгүүд зогсож магадгүй.

 -Чөлөөлөх асуудлыг МАН дэмжчихсэн. Эргээд томилох асуудлыг дэмжсэнгүй. Тэгэхээр энэ хооронд төрийн ажил завсардах асуудал гарах биш үү?

 -Дэмжээгүй асуудал биш. Ерөөсөө сайд нарын асуудлаа бүгдийг нь оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Нэг тушаалаар сайд нарыг чөлөөлөөд, улс төрийн хариуцлага тооцож байгаа бол шууд зөрүүлээд нөгөө сайд нар нь орж ирэх ёстой. Нөгөөтэйгүүр хариуцлага тооцох ёстой хүмүүс хариуцлагаас мултраад байна.

Нөгөө “ЭЗЭН-100” хөтөлбөр хаана байна. Нөгөө хоёр жилийн үр дүн хаана байна вэ. Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайд гээд. Хариуцлага тооцуулах ёстой хүмүүс өнөөдөр ямар ч гэм буруугүй болчихоод, инээд алдаад сууж байна.

Нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанарт өөрчлөлт гарахгүй. Дандаа нэг ангийн, нэг фракц, нэг нутгийн хоёрын байрыг сольж байна шүү дээ. Ингэж ард түмнийг л хуурах талдаа явж байна. Бодлогын бөгөөд чанарын өөрчлөлт гарах тал руугаа асуудал явахгүй байна. 

 -Бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хурдан шийдэх ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлэг илэрхийлж байсан. Харин өнөөдөр эсрэгээрээ сайд нарыг томилох асуудлаар тав хоногийн завсарлага авч байна. Ингээд өдрийн доторх хоёр байр суурь хоорондоо зөрчилдөөд эхэллээ?

 -Зөрчил биш. Бүгдийг нь бүрэн бүрэлдэхүүнээр нь хурдан оруулж ир л гэдэг шаардлага тавьж байгаа. Битгий үхрийн баас шиг цувуулаад бай. Битгий арилжаа, панз хийгээд бай гэж байгаа юм.

 -Сарын дараа Монгол Улсын 2015 оны төсвийг батлах ёстой. Гэтэл одоо болтол хэлэлцүүлэг нь ч эхлээгүй байна. Дээр нь сайд нарын асуудлаар МАН завсарлага авчихлаа?

 -Уг нь батлагдах ёстой. Баталж чадахгүй бол Их хурал тардаг байх ёстой гэдэг хуулийг өөрчилчихсөн шүү дээ. Одоо бол тэр хамаагүй. Батлахгүй байж болно. Тийм өөрчлөлт орчихсон.

 -Хэзээ вэ?

 -Цөөнх гэж байхгүй үед их олон зүйл өөрчилсөн. Монголын сүүлийн 24 жилийн түүхэнд байгаагүй хамгийн нүсэр Засгийн газар, хамгийн олон сайд, хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Дээрээс нь хамгийн их мөнгөтэй ажиллалаа. Гэтэл үр дүн ямар байгааг бүгд харж байгаа биз дээ.