Г.Шийлэгдамба: Одоогоор хэн нэгний нэрийг дэвшүүлэх, татах асуудал яригдаагүй байна
МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын удирдлагууд өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан юм. Энэ үеэр нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын шинэ бүтэц батлагдчихлаа. Энэ бүтцээр бол эвслийн бүлэгт дөрвөн сайдын суудал ногдож байгаа байх аа.
Энэ асуудал дээр бид Ерөнхий сайдтай эцсийн байдлаар тохиролцоогүй байна. Санал солилцож байгаа асуудлууд бий.
Эхлээд нам дотроо, мөн хоёр намаас бүрдэж буй эвсэл учраас эвсэл дотроо ч тэр зарчмын зарим асуудлууд дээр зөвшилцөж, санал солилцох ажил байна. Яг одоогоор эцэслээд шийдчихсэн зүйл алга.
Гэхдээ Засгийн газар анх байгуулагдахад хийсэн гэрээнийхээ дагуу асуудлаа шийдэх бүрэн боломжтой гэж ойлгож байгаа. Эвслийн хүрээнд хийгдэж байгаа зөвшилцөл хэвийн явагдаж байна.
-Ер нь танай нам өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ажилласан Засгийн газрыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
Бид ойрын үед өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд УИХ болоод Засгийн газрын үйл ажиллагааг намын бага чуулганаараа авч хэлэлцэх гэж байна.
Зөвхөн Засгийн газар ч биш УИХ-ын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болоод цаг үеийн асуудлаар намын хурал хуралдуулж, асуудлыг хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
Хөдөө орон нутгаас намын бага чуулганы гишүүд маань наашаа гарсан байгаа. Тус чуулганаар бид дээрх асуудлуудыг хэлэлцэж тодорхой дүгнэлт гаргана.
-Сангийн сайд Ч.Улааны оронд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын нэр яригдаад байгаа.
Яриа хөөрөө энд тэнд гарч л байгаа байх. Бид яг албан ёсоор хүнийхээ асуудлыг яриагүй байна. Зарим сайдууд үргэлжлүүлээд ажлаа хийх боломжтой. Заримд нь сэлгээ хийх бололцоо ч бий. Гэхдээ энэ асуудлыг бид дотроо ярьж байж шийдэх учиртай. Одоогоор хэн нэгний нэрийг дэвшүүлэх, татах асуудал яригдаагүй байна.
-Ингээд хэдэн жил ажиллуулаад эргүүлж солиод байхаар ажил урагшлахгүй юм биш үү?
Асуудлыг эцэслэн УИХ дээр шийднэ. Энэ бол миний хувьд шууд хариулах асуулт биш байна.
Мэдээж Засгийн газрын кабинетийн дотоод асуудлыг УИХ дээр шийддэг учраас чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд өөрөө энэ асуултын хариуг олон нийтэд өгөх байх.
-Тэгвэл таныг Шадар сайд болно гэх яриа бий. Энэ талаар тайлбар хийхгүй юу?
Бид яг албан ёсоор хүнийхээ асуудлыг яриагүй байна.
Дээр хэлсэнчлэн бид хүнийхээ асуудлыг ярилцаагүй байна. Эхлээд нам дотроо хүнийхээ асуудлыг хэлэлцэх учиртай.
-Танай намын дарга ирчихсэн болохоор цаг үеийн асуудлуудад намын бодлого илүү тодорхой, удирдлагуудын тань хариултууд илүү бодитой болж байгаа байх тийм үү?
Намын дарга өөрийн биеэр эх орондоо ирсэн нь манай нам болоод намын гишүүдийн хувьд их том үйл явдал болж байна.
Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр дарга Монголд байгаагүй ч бид тухай бүрт нь үүрэг, чиглэл авч, мэдээлэл солилцон, байнгын холбоотой байсан. Намын шийдвэр гаргах түвшинд намын даргын оролцоо, саналыг нь тусгах явдал нээлттэй байсан.
Цаашдаа ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Мэдээж намынхаа удирдах түвшинд намын хурлуудад биечлэн оролцож, өөрийн санал бодлыг илэрхийлэх, намын нөхөдтэйгөө санал бодлоо солилцох боломж гарч байгаа нь бидний хувьд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.
-“Шударга ёс эвслийн бүлэг”-ийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанд Н.Энхбаяр дарга оролцсон. Энэ үеэр ямар үүрэг, чиглэл өгсөн бэ?
Мэдээж Н.Энхбаяр дарга МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвслийн бүлэг”-ийн тэргүүн шүү дээ. Тэр утгаараа УИХ-ын гишүүдтэйгээ амар мэндээ мэдэх зорилгоор уулзалт хийсэн.
Энэ үеэр ямар нэг асуудлын талаар тухайлан хэлэлцэж, ямар нэг шийд гарсан зүйлгүй. Харин цаг үеийн асуудлуудын талаар харилцан мэдээлэл, санал солилцох уулзалт хийсэн.
Мөн хоёр намын хоорондох буюу УИХ дахь бүлгийн цаашдын үйл ажиллагаанд хэрэгтэй байхуйц зөвлөмжийг бүлгийн нөхөддөө өгсөн. Ер нь цаашид ч гэсэн УИХ, Засгийн газрын гишүүдтэй тодорхой асуудлаар яриа, уулзалт хийнэ.