Газрын тухай хуулийн талаар уриалга
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.06.17

Газрын тухай хуулийн талаар уриалга

УИХ-ын гишүүн С.Ганбаатар уриалга гаргажээ.Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Газрын тухай хууль, түүнийг дагалдах багц хуулиудын төслийн тухай

Газар бол хүмүүний орших, эс оршихын эх булаг, улсын тусгаар тогтнолын баталгаа, улс орны эдийн засаг, хөгжлийн үндэс суурь.

Газрынхаа шимээр амьд ертөнц, түүний дотор хүн төрөлхтөн амьдралаа тэтгэдэг, улс газартай байж тусгаар оршин тогтнодог, газараа ашиглан эдийн засгаа хөгжүүлдэг.

Улсынхаа газар дээр зөвхөн өнөөгийн бид амьдарч, түүнийг ашиглаад дуусах биш, бидний ирээдүй хойч үе улиран олон мянган жил оршин тогтнох учиртай. Иймээс газрыг эрх тэгш эзэмшиж түүний өгөөжийг хүртэгсэд нь  зөвхөн өнөөдрийн бид биш, бидний ирээдүйнхэн мөн.

Монгол нутагт төрт улс үүссэн, оршин тогносон түүхэнд 1992 оныг хүртэл газрыг нийтээр эзэмшиж, хамгаалж, хадгалан хойч үе бидэндээ дамжуулан өгчээ. Эзэн богд Чингэс хаан газар өмчилж байсан тухай түүхэн баримт өдгөө олдоогүй байна.

УИХ-аас баталсан газрын нэгдсэн бодлогын баримт бичиггүй, өнөөг хүртэл салбарын явцуу сонирхолоор газрын ашиглалтад хандаж ирсэн, газрын тэргүүлэх бодлогыг хариуцсан төрийн яамгүй зэрэг нь  Улс, Эх орны өмч, төрийн зохицуулалтад байх газрын  эрх зүйн үзэл баримтлал, Газрын ерөнхий хуулийг чанартай боловсруулахын гол саад юм.

Засгийн газраас санаачлан Газрын тухай хууль түүнийг дагалдуулан УИХ-аар батлуулахаар өргөн барьсан хуулиудын төсөл нь Улс, Эх орны өнөөгийн ба ирээдүйн газрын харилцааны эрх зүйн бодлого, зарчим, удирдлагын тогтолцоо, зохицуулалтын арга, хэлбэр зэрэг үндсэн асуудлыг  цогцоор шийдвэрлэх чадамжгүй болжээ.

Газрын харилцааны хууль, эрх зүйн зохицуулалтын дэлхийн улс орнуудын болон өөрийн орны түүхийн оноо, алдааг дэнслэн Газрын ерөнхий хуулийг чанартай, олон жилийн настай, сайн боловсруулан батлах түүхэн боломж тохиож байна. Газрын ерөнхий хууль ба түүнийг дагалдан гарах хуулийн төслийг боловсруулахад иргэн бүрийн санал, оролцоо, Эх оронч итгэл, үнэмшилд суурилсан үйл ажиллагаа чухлаас чухал болоод байна.

Засгийн газар өргөн барьсан хуулийн төслөө сайн дураараа эгүүлэн татаж, иргэдийнхээ оролцоотойгоор хуулийн төслийг сайтар боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг дахин уриалж байна.

 УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР