Газрын тухай хуулийн төсөл маргаан дагуулж, гишүүдийг сандрааж байна
Малчдад өвөлжөө, хаваржааг хувьчлан бэлчээрийг эзэмшүүлэх, аж ахуй нэгж худалдах, эзэмших, бэлэглэх эрхийг нээх зориулалт бүхий Газрын тухай хуулийн төсөл дөрөв дэх долоо хоногтоо хойшлоод байна. Шалтгаан нь УИХ дахь нам эвслийн бүлэг байр сууриа нэгтгэж чадахгүй байгаатай холбоотой ажээ. Энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ:
"Хуучин иргэн гэр бүлийн хэрэгцээнд газрыг өмчилж болно гэдэг байсан бол одоо аж ахуйн тусгай зориулалтаар ашиглах газрыг өмчлүүлнэ гээд хуулийн төсөлд оруулсан байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа юм. Аж ахуйн тусгай зориулалтаар өмчилнө гэдэг нь эргээд өмчилсөн газраа худалдах бүрэн эрхтэй болчихож байгаа юм. Түүгээр дамжуулаад аж ахуй нэгжүүд янз бүрийн аргаар худалдаж авсан томоохон газраа гадна дотны хэнд ч худалдаж мэдэх сөрөг талтай. Түүнээс гадна бэлчээрийг өмчлүүлэх шаардлагагүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Газрын тухай хуулийн төслөөс харахад гадаад дотоодын хүмүүст газрыг 100 жилээр ашиглах эрх өгөхөөр байна.
Газар өмчлөх эрх авсан иргэдийг сертификаттай болгоод, тусад нь бирж байгуулаад, арилжиж эхлүүлэх болчихож байгаа юм. Өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг харахад иргэд биржээр дамжуулаад зарчихаад дараа нь цэнхэр, ягаан тасалбар шиг гашуун түүх давтагдах вий гэхээс айж байна.