Газрын тухай багц хуулиудын төслийг хэлэлцэхээр болов
Улсын Их Хурлын чуулган: 2013.01.18 ны өдөр
2013.01.18

Газрын тухай багц хуулиудын төслийг хэлэлцэхээр болов

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн /2013.01.18./ үдээс өмнөх хуралдаан Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг  үргэлжлүүлэн хэлэлцэж дэмжлээ.

        Түүнчлэн Газар албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ.

 Өчигдөр гишүүд уг багц хуулийн төсөлтэй холбогдуулан  үг хэлэхээр нэрээ өгөөд байсан бөгөөд УИХ-ын гишүүн Я.Содбаатар эхлэн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр, иргэдийн өмчийн эрх рүү төр халдаж байгаа нь буруу гэж үзэж буйгаа хэлээд энэ хуулин дээр УИХ дахь намын бүлгүүдийн байр суурь тодорхой байх ёстой гэв.

        УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бэлчээрийн газрыг эзэмшүүлэх тухайд санал бодлоо хэлж багц хуулийг дэмжиж байна гэдгээ хэлсэн.

        УИХ-ын гишүүн Г.Баярсайхан газрын харилцаа бол улсын оршин тогтнох үндэс мөн хэмээн дурдаад, Газрын тухай багц хуулийн тухайд үндсэн анхаарвал зохих гол зүйлүүд бий гэсэн юм. Тэрээр бэлчээрийг эзэмшүүлэх асуудал нь анх удаа хийж байгаа нэлээд том ажил, үүнд бид туршилтын журмаар орж байна, мөн ямар тохиодолд газрыг албадан чөлөөлөх вэ гэдгийг хуулиар тодорхой болгох, үүний тулд жишээ нь, Улаанбаатарын газар гэхэд л хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллах нь чухал гэв. Тэрээр иргэдэд газар өмчлүүлэх нь хамгийн чухал учраас газрыг албадан чөлөөлөхтэй уялдуулж, нухацтай хэлэлцэх, улстөржихгүй байх нь чухал гэсэн юм.

Г.Баярсайхан:

        Ингээд УИХ-ын дарга газрын тухай багц хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 86,3 хувийн саналаар гишүүд дэмжиж, багц хуулийн төслийг УИХ-ын БОХХАА-н байнгын хороо руу шилжүүлсэн.