Газрын хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулав
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо
2014.01.22

Газрын хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, хоёр ч нэр бүхий хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа.

Эхнийх нь Газрын багц хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинээр байгуулах шийдвэр гаргаж, өмнөх ажлын хэсгийг татан буулгав.

Газрын хуулийг шинэчлэх батлах хүрээнд дагалдан дөрвөн багц хуулийн төсөл боловсруулах шаардлагатай болж буй юм.  Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ дахь намын бүлгүүдээс төлөөлөл багтаасан байна.

Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн А.Бакей, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, МАН-ын бүлгээс С.Батболд, Ж.Батсуурь, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Ц.Цолмон, бие даагч гишүүдээс С.Ганбаатар нарыг багтаажээ. Өмнөх ажлын хэсэг 12 гишүүнтэй байсан бол одоо долоо болгон цомхотгожээ.

Мөн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахлах болж байна.