Г.Баярсайхан: Хувийн өмчид халдаж болохгүй
УИХ-ын гишүүн, Бай­галь орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хо­рооны дарга Г.Баярсайхан
2013.01.23

Г.Баярсайхан: Хувийн өмчид халдаж болохгүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ-ын төвшинд Газрын тухай багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд явж байна. Төсөлд тусгасан гол үзэл баримтлал нь юу вэ?

-Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, концессын гэрээгээр эзэмшүүлэх газрыг эрх бүхий Засаг дарга шууд олгодог байхаар, харин аж ахуйн үйл ажиллагааны зориулалтын газрыг дуудлага худалдаа, уралдаант шалгаруулалтаар олгохоор тус бүр заасан байгаа. Мөн төрийн өмчийн газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол Улсын иргэд хүсвэл газар өмчлөх эрхээ дуудлага худалдаагаар худалдах, төрийн өмчийн газрын хувьцааг арилжих зэрэг үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн оролцоотой Газрын биржээр дамжуулан явуулах. Газрын биржийн дүрэм, журмыг Засгийн газар баталдаг байх зохицуулалтыг шинээр оруулж ирсэн байгаа. Энэ нь газрын цоо шинэ харилцаа үүсэх эрх зүйн зохицуулалт гэж ойлгож болно.

-Газрын тухай багц хуулийн төсөлд Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл багтсан нь “эрх баригчид хувийн өмчид халдах нь” гэсэн шүүмжлэлийг араасаа дагуулах боллоо. Яг ямар тохиолдолд Газрыг албадан чөлөөлөхөөр тусгаад байгаа юм бэ?

-Төсөлд зааснаар улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулах, төр орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, дэд бүтэц байгуулах газар тухайн иргэний өмчилсөн газар орох тохиолдолд газрыг нь албадан чөлөөлнө гэж байгаа. Тэгэхээр айл бүрийн өмчийн газар луу дайрна гэсэн үг биш. Улаанбаатар хотоор жишээлэхэд нийслэлээс гаргасан ерөнхий төлөвлөгөөнд тухайн айл өрхийн хашааны газар дээр дурдсан үндэслэлүүдээр багтсан байвал чөлөөлөх юм.
Ардчиллын үнэт зүйл бол хувийн өмчийг хүлээн зөвшөөрөх. Энэ ч үүднээс бид тухайн хүний өмчийг хүндлэх ёстой, эрхийг нь хүндлэх ёстой гэсэн хатуу байр суурин дээр зогсож байгаа. Гэхдээ нийтийн нийгмийн эрх ашгийн төлөө улсын хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барих, зам, дэд бүтэц тавих зайлшгүй шаардлагатай байвал хувийн өмчийн эзнийг нэгдүгээрт тавина л гэсэн үг.

-Гэхдээ Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд иргэний газрыг чөлөөлөх бол нөхөн төлбөрт нь 25 сая төгрөг, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх бол нөхөн төлбөрт нь 100 сая төгрөг олгоно гэсэн заалт багтсан юм биш үү. Иргэний газрын төлбөрийн мөнгөн дүн үнэхээр бага байна шүү дээ. 30-40 сая төгрөг зарцуулаад хашаа байшин барьчихсан байтал түүнийг нь албадан авах нэрийн дор 25 сая төгрөгөөр үнэлэх нь шударга бус л сонсогдож байгаа?

-Хувийн өмчийн газар, бизнес эрхлэгчдийн газарт тодорхой үнэ заасан юм байхгүй. Энэ үнийг Засгийн газар тодорхой журам гаргаж зохицуулахаар тусгасан төсөлд бол. Харин өөрийн тань хэлээд байгаа 25 сая төгрөгийн нөхөн төлбөрийн тухайд Газрын тухай хуулиар хэлэлцүүлэг хийх хүрээнд жишээ болгож авч байсан юм. Түүнээс тийм тодорхой тас яс үнэ тавьсан зохицуулалт байхгүй байгаа гэдгийг тодотгоё.

-Хамгийн гол нь иргэд Газар албадан чөлөөлөх тохиолдолд барьсан байшин, газрын үнэ, нүүлгэн шилжүүлэлт гээд энэ бүхний өртгийг зөв тооцож, нөхөн төлбөрийг төрөөс өгөхгүй бол газраа чөлөөлөхгүй гэдэг зүйлийг ярьж байна. Танай байнгын хороогоор эл хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ асуудал хөндөгдсөн үү. Та хувьдаа ямар байр суурьтай байна вэ?

-Би бол хувьдаа иргэний газрыг чөлөөлөх бол төр зах зээлийн үнийг барьж хамгийн өндөр үнэ санал болгох ёстой гэж үзэж байгаа. Өнөөдөр бид хамгийн өндөр үнэтэй нефть худалдан авч байна, алтаа бид дэлхийн зах зээлийн үнээр худалдаж байна. Зах зээлийн үнэ гэдэг цочоод байх зүйл биш. Тийм болохоор иргэний өмчийн газрыг чөлөөлөх бол тухайн байршлаас нь дутахааргүй газрыг санал болгох. Эс бөгөөс тухайн газрын зах зээлийн үнэтэй нь дүйх орон сууцийг иргэнд санал болгож болно. Ингэсэн цагт иргэдийн хувийн өмчийг хүндэтгэх ардчиллын үнэт зарчим хангагдана л гэж бодож байгаа даа. Түүнээс төр хууль баталсан гээд хувийн өмчид халдаад байж болохгүй. Хэрэв ийм үйлдэл гаргавал ардчиллын үнэт зарчим алдагдана шүү дээ.

-Гэхдээ нийт хүн амын ердөө 10 -хан хувь газраа өмчилсөн байгаа үед Газар албадан авах тухай хуулийг УИХ-аар батлах нь өөрөө хэр зохистой юм бэ. Эхний ээлжинд газар өмчлүүлэх асуудлаа шийдэх ёстой байсан юм биш үү?

-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр/өчигдөр/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас өргөн мэдүүлсэн Газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Газрын тухай багц хуулийн төсөлтэйгээ хамт Газар өмчлөлийн тухай хуулийг хэлэлцээд УИХ-аар баталъя гэдэг зарчмын байр суурь хаа хаанаа барьж байна. Үнэхээр ч Монгол Улсын нийт иргэдийн 10 хүрэхгүй хувь буюу 302352  иргэн газраа өмчилж авсан гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байгаа. Энэ нь нийт иргэдийн 90 хувь нь газраа өмчилж чадаагүйг харуулж байгаа хэрэг. Тэгэхээр УИХ-ын хувьд энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гол нь нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Иргэдийн 90 хувь нь шахам газраа өмчилж авч чадаагүй байна, тийм учраас бид Газар албадан авах асуудлыг хойшлуулах ёстой гэвэл хөгжлөөс л хоцорно. Улаанбаатар хотод өнөөдөр агаарын бохирдол ямар хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Дээр нь хөрсний бохирдол байна, нийслэлийн гэр хорооллын 100 мянга гаруй өрх модон жорлонтой. Энэ нь эргээд хөрсний бохирдол үүсгэж халдварт шар өвчний дэгдэлтийг өдөөж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд шар өвчнөөр өвдөж ирсэн нийт иргэдийн 60 хувь нь гэр хорооллынхон байна шүү дээ.

Тэгэхээр цаг алдалгүй Улаанбаатар хотыг дэлхийн орчин үеийн шаардлага хангасан нийслэл болгох ёстой болж байгаа биз. Энэ үүднээс нь авч үзэхээр гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хандаж Хот төлөвлөлтийн тухай хууль, Барилга төлөвлөлтийн тухай хуулийг яаралтай УИХ-д  оруулж ирээч гэдэг хүсэлт тавьсан. УИХ-аас эдгээр хуулийн төслийг баталчихвал эрх зүйн зохицуулалтын хувьд бүх зүйл ойлгомжтой болно. Гол нь иргэнээ хүндэлж, аль болох хохироохгүйгээр хаа хаанаа ойлголцож асуудлыг шийдэх хүрээнд асуудал тавигдах ёстой л гэж бодож байгаа даа.

-Газрын үнэлгээг хэн тогтоох юм бэ. Засгийн газраас журам гаргана гэхээр нэг л ерөнхий санагдах юм?

-Гол нь Засгийн газар журмыг тодорхой болгох ёстой. Жишээ нь Ногоон нуурын газар бол хотын “А” зэрэглэлд хамаарах учраас үнэтэй л байх ёстой. Гэхдээ хэдхэн хүн суучихаад журмын дагуу ийм үнэ тогтоолоо гэж хэлээд иргэдээ хохироож болохгүй. Үнэлгээг тогтоохдоо ил тод нээлттэй байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, хотын “А” зэрэглэлд хамаарах газар ямар үнэлгээтэй байх юм, “Б” зэрэглэлд харьяалагдах бол үнэлгээ нь бас ямар байх вэ гэдэг маш тодорхой байх ёстой. Үүнийг хариуцах байгууллага нь Газрын бирж юм билээ. Нөгөө талаас иргэн газраа чөлөөлөх боллоо гэхэд үл хөдлөх хөрөнгөө дахиж барихад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдах вэ, бизнесийн байгууллага газраа чөлөөлөх бол дахин барьж байгуулах хүртэлх хугацаанд хэдий хэмжээний хөрөнгө шаардах вэ зэргийг маш үндэслэлтэй тодорхой оруулж ирэх ёстой болно.

-Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төсөлд нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 900 мянган төгрөг өгнө гэж заачихаад байгаа юм биш үү?

-Үгүй ээ, тийм тоо байхгүй. Төсөлд яг ямар заалт байгаа вэ гэхээр Нүүлгэн шилжүүлэлтийг өөрсдөө хийх юм бол үнийн дүнгийн 10 хувийг нэмэгдэл болгож өгнө л гэсэн өгүүлбэр бий.

-Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны төвшинд нэлээд сайжруулж засах шаардлагатай болох нь ээ?

-Ямар ч байсан бид энэ багц төсөл дээр иргэд, аж ахуйн нэгжийн санал хүсэлтийг сонсоно. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Харин эхний хэлэлцүүлгийг ирэх хоёрдугаар сарын 4-нд зохион байгуулна. Хаврын чуулганаар эдгээр хуулийн төслийг УИХ-аар батлах учраас түүнээс өмнө аль болох иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч эрх ашгийг нь аль болох бага хөндөх хуулийг батлах зорилт тавьж байна.
Газар бол өөрөө маш үнэтэй капитал. Дэлхийн нэрт эдийн засагч Фернандо Сато Монголд Ерөнхийлөгчийн урилгаар ирээд “Танай улсад 7 тэрбумтай тэнцэх хэмжээний хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй хэвтэж байна” гэж хэлж байсан. Үнэхээр үнэн байхгүй юу. Хэрвээ бид энэ их баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг бий болгож чадах юм бол эргээд Монгол Улсын иргэн бүр капиталтай болно. Тийм болохоор газар бол маш чухал асуудал болж байна.

-Газрын тухай багц хуулийн төслийн хүрээнд бэлчээрийн тухай асуудал хөндөгдөөд байгаа. Энэ асуудлыг яах вэ. Малчдаас санаа бодлыг нь сонсох шаардлагатай болж байх шиг байна?

-Нүүдлийн соёл иргэншлийн хамгийн чухал суурь нь бэлчээрийн мал аж ахуй. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн үндсийг гаргах зайлшгүй шаардлага бас бий. Дэлхийн бусад орны туршлагыг судлаад үзэхээр хууль гаргаад шийдээд явчихсан туршлага байна. Урд хөршид жишээ нь бэлчээрийг хувьчлаад хашаа татаад бэлчээрийн доройтолд орсныг шийдээд явсан туршлага байна л даа. Гэхдээ Монголын нөхцөлд энэ туршлага үр дүнгээ өгөх үү гэдгийг маш сайн нягтлах ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бэлчээрийн тухай хуулийн төсөлд малчдад өвөлжөө, хаваржааг нь эзэмшүүлье. Мөн бэлчээрийг мал бүхий иргэд, хоршоодод эзэмшүүлье гэдэг заалт туссан юм билээ. Үүнийг ямар хэлбэрээр эзэмшүүлж ашиглуулах вэ гэдэг асуудлыг Засгийн газрын журмаар зохицуулна. Хатуу томъёололд оруулаад явбал сөрөг үр дагавар илүү гарч их хор хөнөөл нь их тусна. Тийм болохоор Засгийн газар журам гаргаж зохицуулж явах нь зөв алхам болов уу гэж харж байгаа. Учир нь Засгийн газар уг журмаа өөрчилж болно, эерэг хувилбарыг сонгоод цаашаа явах бололцоотой л доо. Энэ утгаар нь хамгийн оновчтой хувилбар гэж бодож байна.

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг танай байнгын хороо өнөөдрөөс /өчигдөр/ эхэлж хэлэлцэж эхэллээ. Үндсэн концепцийнх нь тухай тодруулахгүй юу?

-Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй, үүнийг хуульчилна, сертификат олгоно. Газар бол эдийн засгийн эргэлтэд орох нэг том субьект болно гэж үзэж байгаа. Ардчилсан намынхан анх малыг малчдад өгөх тухай ярихад коммунистууд тухайн үед эсэргүүцэж байсан. Тэд юу гэж байсан бэ гэхээр хоттой малаа бүгдийг алаад идчихнэ. Улс орон харангадна гэж... Гэхдээ өнөөдөр мал сүрэг 50 саяыг давлаа, энэ бол малыг малчдад нь хувьчилж өгсний үр дүн юм шүү дээ. Орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь өмчлүүлэх тухай ярихад тэд мөн л “Орон сууцаа буулгаад нураагаад, Улаанбаатар хотыг сүйрүүлнэ” гэж байсан. Харин өнөөдөр өмчлөлд орсон барилга улам өнгө зүс орчихсон байгааг та бид бүгдээрээ харж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Ардчилсан намын хувийн өмчийг дээдэлсэн либераль бодлогын үр дүн байсан. Тийм болохоор иргэн бүрт газрыг нь өмчлүүлэх эрх зүйн харилцааг бий болгох цаг болсон.