Татвараас зайлсхийгчдэд өршөөл үзүүлж болохгүй
УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, бие даагчид Газрын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиуд дээр анхаарлаа хандуулж ажиллана гэлээ.
Газрын тухай хуулийг эргүүлэн татах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Газрын тухай хууль нь эдийн засгийн эргэлтэнд оруулах нэрийдлээр хувьчлах гэсэн санаархал явж байгааг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун онцолсон. Монгол Улсын иргэн бүрт 0,07 га газрыг эзмшүүлэх ажил үр дүн муутай байгаа гэлээ.
Нийт иргэдийн 10 гаруй хувь нь газраа хувьчилж авсан байгаа нь 2007 он батлагдсан Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, энэ хуульд засах зүйл байгааг харуулж байна гэлээ. Тус хуулинд аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх нэрийдлээр томоохон аж ахуй нэгжүүдэд хувьчлахыг санаархаж байгаа, мөн иргэдийн өмчилж аваагүй газрын дуудлага худалдаагаар зарах заалтууд явж байгаа нь буруу гэж бие даагчид үзэж байгаа юм байна.
Үүнээс гадна гадаадын иргэнд дуудлага худалдаагаар 60 жил хүртэл хугацаагаар газар эзэмшүүлнэ гэж тусгажээ.
Мөн газрын биржийг байгуулахаар хуульд тусгасан нь одоогийн эзэмшиж байгаа томоохон аж ахуй нэгжүүдийн газрыг өмчлүүлэхээр болж байгаад шүүмжлэлтэй хандаж байна гэлээ. Тиймээс энэ хуулийг санаачлагчид нь эргүүлэн татах нь зүйтэй гэв.
Мөн энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх чухал төсөл бол Ашигт малтмалын тухай хууль гэлээ. Энэ хуульд стратегийн орд бүхий төрийн хувь эзэмшлийг байхгүй болгох, хайгуулыг нээлттэй болгох гэж байна.
Тиймээс эдгээрийг бие даагчдын зүгээс эсэргүүцэж бйгаа гэлээ. Энэ долоо хоногт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ хуульд хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан бол эдийн засгийн өршөөл үзүүлнэ гэж тусгасан байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөрөнгө орлогын мэдүүлгийг зөвхөн төрийн өндөр, дээд албан тушаалтнууд мэдүүлдэг.
Гэтэл санаатай болон санамсаргүйгээр хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан бол өршөөл үзүүлнэ гэж заасныг бид эсэргүүцэж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэг олон хүнийг хамардаггүй, зөвхөн төрийн албан хаагчдыг хамарч байгаа учраас энэ заалтыг хасах ёстой" гэлээ. Үүнээс гадна Галт зэвсгийн тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуулиадад анхаарал тавьж ажиллана гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Газрын тухай хуулинд гадаадын иргэдэд газар эзэмшүүлэх тухай заалт ямар хэлбэрээр орсон бэ?
-Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байна гэсэн сайхан үгээр хуурч үгүй хийх гэж байна. Гадаадын иргэдэд газар эзэмшүүлэх тухай заалт орсон байгаа. Өмнө нь ийм зүйл байгаагүй. Тэр нь 60 жил гэгдэж байна. Мөн 60 жил газар эзэмшчихээд 40 жилээр сунгаж болох тухай заалт орсон. Нийтдээ 100 жил гэсэн үг. Гэхдээ гадаадын иргэд газар эзэмшихдээ дуудлага худалдаагаар газар эзэмших эрхээ авна гэсэн зүйл заалт мөн явж байсан. Тэгэхээр нэмж ярих зүйл их байгаа.
-Эдийн засгийн өршөөлийн хуулинд татвараа нуун дарагдуулсан хувь хүн, аж ахуйн нэгжид нэг удаа өршөөл үзүүлнэ гэж заасан байсан. Тэгвэл шударгаар татвараа төлөөд явж байсан хүмүүст ямар урамшуулал олгох вэ?
- Татвараа нуун дарагдуулсан, мөнгө завшсан, авлига авсан хүмүүс энэ хуулиар өршөөгдөөд өнгөрнө. Харин үнэнч шударгаар татвараа төлж байсан иргэд урамшуулал олгох зүйл заалт ороогүй.
-Төрийн өмчийг хувьчлах асуудал яригдаж байна. Ямар байдлаар төрийн өмчийн компаниудыг хувьчлах бол, энэ асуудал дээр ер нь ямар алдаатай зүйл байгаа гэж үзэж байна вэ?
-Ерөнхийдөө Эрдэнэт рүүгээ чиглэсэн зүйл яваад байна уу даа гэсэн хар төрүүлж байна. Оюутолгойн 34 хувь гэдэг ч юм уу аль болох "саалийн үнээ" болж байгаа зүйлүүд рүүгээ чиглэж байж магадгүй. Оюутолгойн хэмжээний ордууд мөн хүлээгдэж байна. Лиценз нь дандаа хувь хүмүүст бий. Тэд л ийм зүйлийг хийж байна. МИАТ ч гэсэн хувьчлалд оруулах компаниудын жагсаалтад байж магадгүй. Тиймээс шинэ колончлолын асуудалд анхааралтай хандах ёстой.
-Эдийн засгийн өршөөлийн хууль оффшор бүсд данстай хүмүүст үйлчлэх үү?
-Үйлчилнэ. Оффшор бүсэд данстай хүмүүс өршөөгдөнө гэсэн үг.