2013.10.08

Ч.Улаан: Хэдхэн жилийн өмнө авсан зээлийн төлбөр нь 450 тэрбум төгрөг болчихсон байна

УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлэг ирэх оны Төсвийн төсөл болон энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан ирэх оны Төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг бүлгийн гишүүдэд өгчээ. Мөн бүлгийн хуралдаанаар төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцсэн байна.

Ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны Төсвийн төсөл, Мөнгөний бодлого гэх мэт чухал асуудлыг хэлэлцэх учраас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг хэлэлцэх асуудлыг түр хугацаагаар буюу арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд гаргасан байна.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтыг батлахын өмнө судалгаа, тооцоо хийх олон ажил буй бөгөөд эвслийн бүлгээс энэ асуудлыг судлуулах ажлын хэсэг гаргаж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон ахалж ажиллахаар болсон. Ажлын хэсэгт уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай, эрдэмтэн судлаачид багтсан гэж “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэлсэн.

Түүнийг ийнхүү мэдээлсэний дараа Сангийн сайд Ч. Улаанаас зарим зүйлийн талаар тодруулсан юм.

-Ирэх оны Төсвийн төслийг боловсруулахдаа юунд илүү анхаарсан бэ?

-Монгол Улсын ирэх оны төсвийн төсөл болон 2015, 2016 оны төсвийн төсөөллийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-аас баталж өгсөн төсвийн хүрээний мэдэгдлийн гол зарчим, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж боловсруулсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Төсвийн төслийг боловсруулахдаа үндсэн дөрвөн шаардлагыг хангасан байх учиртай. Нэгдүгээрт стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний үнийн савалгаанаас төсөв ангид байх ёстой. Ийм учраас төсвийн орлогыг тэнцвэржүүлэх зарчмаар тооцсон. Мөн төсвийн алдагдлыг эзлэх хувь ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой.

Ирэх оны төсвийн төслийн нэг онцлог зарлагын өсөлтийг өмнөх оны зарлагын өсөлтөөс нэмэгдүүлэхгүй байх зарчмаар боловсруулсан.

Түүнчлэн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах учиртай. Тухайлбал өнгөрсөн 12 жилийн төсвийн зарлагын өсөлтийн хувь хэмжээнээс илүүгүй байх ёстой. Ирэх оны төсвийн төслийн нэг онцлог зарлагын өсөлтийг өмнөх оны зарлагын өсөлтөөс нэмэгдүүлэхгүй байх зарчмаар боловсруулсан.

Үүнээс гадна ДНБ-д эзлэх өрийн хувь хэмжээг хуульд заасан хэмжээнд барих ёстой учраас тооцоо судалгаа хийж, бодит байдалтай уялдуулан авч үзэхэд ирэх онд Төсвийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Төсвийн орлогыг аль болох бодитой байлгах үүднээс нэлээд анхаарал хандуулсан.

Энэ ч утгаараа төсвийн орлогыг тооцохдоо татварын шинэ төрлийг бий болгохгүй гэдэг хатуу зарчмыг баримталсан. Өөрөөр хэлбэл Монгол Улс татвар болон бизнесийн нэн тааламжтай орчин бүрдсэн. Үүнийгээ ч хэвээр үлдээнэ. Татварт тэгш, шударгаар хандах үүднээс татварын доод суурийг өргөтгөж, байгаа боломжоо дайчлан төсвийн орлогоо бүрдүүлэхээр тооцсон.

Харин зарлагын хувьд аль болох хязгаарлах ёстой. Энэ ч утгаараа өмнөх жилүүдэд гаргаж байсан төсөв нэмэгдэхийн хэрээр зарлагаа нэмдэг буруу үйлдлийг халахаар төлөвлөсөн. Ирэх онд урсгал зардал өмнөх жилүүдээсээ тав орчим хувиар бууруулахаар мөн адил төлөвлөсөн.

Төсвийн алдагдлыг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Дотоодын зах зээл дээрх чөлөөт эх үүсвэрээс гаргах буюу Засгийн газраас үнэт цаас гаргах замаар санхүүжүүлнэ. Мөн гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжийг ашиглаж, санхүүжүүлэхээр тооцсон.

-Гадаадын улс орнуудаас авсан хөнгөлөлттэй зээл тусламжийн өр төлбөрийг хэрхэн барагдуулж байгаа вэ. Өр төлбөр улсын төсөвт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Гадаад өр төлбөрийн хувьд хоёр асуудлыг онцгой анхаарах ёстой. Хандивлагч орнуудаас авч урт хугацаанд ашигласан хөнгөлөлттэй зээлийн өр төлбөрүүдийг графикийн дагуу төлөгдөнө. Энэ нь улсын төсөвт нэг их ачаалал өгөхгүй байгаа. Учир нь үндсэн болон хүүгийн төлбөр нь жил жилийн төсөв тусгаад явдаг.

Оюутолгойгоос 250 сая ам.доллар, Тавантолгойн ордоос 350 сая ам.доллартай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөр авсан бөгөөд урьдчилгаа төлбөрүүд ирэх оноос эхэлж байгаа учраас нийтдээ 450 тэрбум төгрөгийг төсвөөс суутгуулна.

Дараагийн онцгой анхаарах зүйл бол ойрын жилүүдэд ашигласан зээлийн урьдчилгаа төлбөрийг нөхөн суутгах асуудал юм. Өнгөрсөн жилүүдэд Оюутолгой, Тавантолгойн орд газруудаас урьдчилгаа төлбөр авч байсныг та бүхэн санаж байгаа байх. Тодруулбал Оюутолгойгоос 250 сая ам.долларын урьдчилгаа авсан.

Тавантолгойн ордоос 350 сая ам.доллартай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөр авсан. Үүнийгээ Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд хишиг болгон тараасан. Энэ урьдчилгаа төлбөрүүд ирэх оноос эхэлж байгаа учраас нийтдээ 450 тэрбум төгрөгийг төсвөөс суутгуулах юм.

Олон жилийн хугацаанд авч ашигласан хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр жилдээ 150 орчим тэрбум төгрөг байгаа. Гэтэл хэдхэн жилийн өмнө авсан зээлийн төлбөр нь 450 тэрбум төгрөг болчихсон байна. Энэ нь улсын төсөвт багагүй хэмжээний ачааллыг авчирч байгаа.

-Ирэх жил цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх боломжтой юу?

-Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Үүнийг Засгийн газар болон УИХ маш сайн ойлгож байгаа. Өмнөх жилүүдэд цалин, тэтгэврийг аль болох нэмэх бодлогыг баримталж ирсэн.

Энэ ч утгаараа ирэх жил цалин, тэтгэврийг нэмнэ. Ирэх жил цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөвлөсөн.

Ингэхдээ шинэлэг аргаар олгоно. Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн индексийг хэрэглэнэ. Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмж ажлын арга барилтай уялдуулах, салбарын онцлогийг харгалзах зарчмаар цалинг нэмэгдүүлнэ.