Д.Батцогт: УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах МАН-ын шаардлага улс төрийн шоу шүү дээ
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.08.14

Д.Батцогт: УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах МАН-ын шаардлага улс төрийн шоу шүү дээ

УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд ерөнхийдөө амралтын байдалтай байна. Таны хувьд тойрогтоо хэр ажиллав?

-Тойрогтоо хэсэг хугацаанд, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэлээд сайн ажиллалаа. Одоо Манхан сумын 90 жил, аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн 90 жилийн ой тохиож байгаа болохоор мөн тойрог руугаа явах гэж байгаа.

-Гишүүд зуны цагт тойрогтоо ажиллаж байгаа нэрээр наадам хэсээд байгаа мэт харагддаг?

-Ойн баяр гэдэг наадам хэсч байна гэсэн ойлголт биш шүү дээ. Тухайн тойргийн сумдын ой тохиож байгаа учраас тэрхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл болон зохион байгуулах зэрэг маш их ажил ундардаг. Тэдгээрт гар бие оролцох шаардлага гардаг.

Түүнчлэн сонгогчид маань өөрсдийн сонгосон гишүүдээ сумын ойдоо ирүүлэхийг хүсдэг. Нэгэнт очсоных сум, орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын явц, иргэдийн санаа бодлыг сонсох зэргээр байнга л уулзалттай явдаг юм.

-Энэ оны эхнээс орон нутгийн иргэд төсвөө захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй болсон. Үүнийг ард түмэн хэр хүлээж авч байна. Мөн зарцуулалт, үр дүн хэр байгаа бол?

-Сумдад «Орон нутгийн хөгжлийн сан»-гаар дамжуулж нэлээд хэмжээний мөнгө өгсөн. Мэдээж сум бүр адилгүй.  Мөн «Сум хөгжүүлэх сан»-гаар дамжуулан иргэдэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор багагүй мөнгө өгсөн.

Энэ нь иргэд маш их боломж олгосон учраас сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна лээ. Түүнчлэн иргэд тухайн орон нутагт юу хийх, яавал хөгжих вэ гэдгээ хоорондоо ярилцаж байгаад шийдэж байгаа учраас төр, Засгийн газрын зүгээс олж хараагүй зүйлүүдийг өөрсдөө шийдэж байна.

Хамгийн энгийнээр хогноосоо салах, гудамжуудаа тохижуулах зэргийг орон нутгийнхан өөрсдөө шийддэг болсон. Хийх ажил нь тодорхой ч «Орон нутгийн хөгжлийн сан»-д хуваарилагдсан их хэмжээний мөнгө оны эцсээр тавигдсан учраас санхүүжилтгүйгээс хүлээгдсэн дутагдалтай тал ч гарч байна.

Цаашид сум орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тустай ийм ажилд улс орон мөнгөтэй болохын хэрээр хөрөнгө тусгах нь зүйтэй. Тэр хэмжээгээр орон нутаг хөгжих боломж бүрдсэн байна.

-Одоогийн байдлаар Ховд аймагт тулгамдаж буй бэрхшээлтэй асуудал юу байгаа бол?

-Маш олон ажил хийгдэж байгаа. Хамгийн ихээр анхаарал татаж буй нь дулааны асуудал. Дулааны цахилгаан станцыг нэг компани хувьчилж аваад, үндсэндээ хөлдүү шахам өвөлждөг байсан. Харин энэ жил дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлсэн.

Ховд аймагт энэ жил дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлсэн.

Гэхдээ оноос өмнө эхний зуухыг ашиглалтад оруулж, ирэх жил бүрэн хүлээлгэж өгөхөөр нэлээд шаргуу ажиллаж байгаа. Ямартай ч эхний зуух ашиглалтад орсноор хувийн станцтай хамтраад ховдчуудыг дулаан өвөлжүүлэх боломжтой болно.

Ховд аймагт маань баруун бүсийн худалдааны төв гээд том задгай захтай. Үүнийг битүү, орчин үеийн тохилог худалдааны төв болгохоор ажлыг нь эхлүүлчихсэн байна. Мөн өвлийн бэлтгэлтэй холбоотой ажлууд эхэлсэн.

Хэдийгээр малчдын хувьд хадлан бордоогоо бэлдэх цаг манай тойргийн тухайд хүндрэлтэй асуудал байдаг. Ховд аймгийн ихэнх нутаг уулархаг бүсэд оршдог болохоор хадлан бэлтгэх боломж тун тааруу. Гэхдээ нөөц бололцоогоо сайн ашигладаг юм.

-МАН-ын зүгээс амралтаа зогсоож, ээлжит бус чуулганыг зарлуулахыг шаардсан. Үнэхээр зарлах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьсан юм билээ. Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг дуудаж, уулзсан гэсэн. Хэрвээ шаардлагатай бол ээлжит бус чуулганыг зарлан хуралдуул гэдэг чиглэлийг өгсөн юм байна гэж би ойлгосон.

Энэ бол нэг нам нь шаардсанаар хуралдуулах бус улс, эх орны өмнө шийдвэрлэх нэн яаралтай асуудал байгаад зарлавал хуралдах нь зөв гэж бодож байна. Түүнээс нэг нь шаардаж, нөгөө нь шаардуулаад чуулган хуралдуулж буй мэт дүр зураг харагдуулахыг хүсч байгаа бол таатай санагдахгүй л байна.

-Улс төрийн бас нэгэн шоу гэж хэлэх гээд байна уу?

-Би тэгж харж, хардаж байгаа. Нэгэнт Ерөнхийлөгч МАН-ынхнаас өмнө нь ээлжит бус чуулганы талаар асуудлыг судал гэдэг зааварчилгааг өгчихсөн байсан шүү дээ. Гэтэл МАН-ынхан гэнэт эдийн засгийн нөхцөл хүндэрчихлээ гэхээр сонин санагдаж байгаа юм.

Нэг нь шаардаж, нөгөө нь шаардуулаад чуулган хуралдуулж буй мэт дүр зураг харагдуулахыг хүсч байгаа бол таатай санагдахгүй байна.

Эдийн засаг хүнд байгааг хүн бүр мэдэж байгаа. Ганц биднээс хамаарч байгаа асуудал биш шүү дээ. Дэлхийн эдийн засаг хямарч, ашигт малтмалын үнэ унасантай холбоотойгоор манай улсаас нүүрс авахаа больчихож байгаа учраас төсөвт орж ирж байсан орлого муудсан.

Эдийн засаг ийм хүнд байгаа үед улстөржиж, намчирхалгүйгээр улс, эх орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хэн хэн нь анхаарч ажиллах шаардлагатай.

-Танаас «Шударга ёс» бүлгийн дарга Н.Энхбаярын талаар асуулгүй өнгөрч боломгүй санагдаад байна. Эмнэлгээс гарснаас нь хойш уулзав уу?

-Уулзаагүй. Бидний хувьд Н.Энхбаяр даргыг суллагдах ёстой гэдэгтэй санал нэг байсан. Монголын төр гэм буруутай хүнээ уучилж, өршөөдөг асуудал байдаг. Гэхдээ Монгол төрийн тэргүүн байсан хүндээ хүндэтгэлтэй хандах ёстой. Шалгаж бололгүй яах вэ.

Үүнд чинь жаахан учиртай хандах хэрэгтэй. Гэрийн хорионд байлгах, эсвэл зөвхөн төрийн тэргүүнийг шүүх тусдаа шүүхтэй байх жишээнүүд гадны улсад бишгүй л бий шүү дээ. Тэдгээрээс нэвтрүүлж болох байсан.

Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд маш зөв шийдвэр гаргалаа гэж миний хувьд бодож байгаа. Уучлалт, цагаатгах гэх зэргээр хүмүүс маргаан үүсгэж байх шиг байна. Үүнийг нь хууль хяналтын байгууллага эцэслэн шийдэх байх.

-Эвслийн зүгээс улс төрийн ямар нэгэн шийдвэр гаргах тухай яригдсан уу?

-Бид хуралдалгүй нэлээд хугацаа өнгөрөөлөө. Эвслийн тэргүүний эрх чөлөө хэсэг хугацаанд хязгаарлагдмал байсан учраас эвслийн удирдах зөвлөлийн хувьд ч идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй. УИХ дахь бүлгийн тухайд ажлаа хийж байна. Цаашид хэрхэх нь цаг хугацаа болон Н.Энхбаяр даргын эрүүл мэндээс шалтгаалах байх.